Нью-Йорк хотноо гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа.
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын агуулга нь 68 дугаар чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын санаачилсан уг тогтоол нь 1982 онд батлагдсанаас хойш 2 жил тутамд тодотгон батлагддаг түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байгаа юм.
Сэдэвт арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх эрхийг хамгаалан чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогдож байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсад төдийгүй дэлхийн нийтийн түвшинд дэгдсэн Ковид цар тахал нь улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд томоохон сорилтуудыг бий болгож, улс орон бүр хүчээ дайчилж ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хямрал, хүндрэлийг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” болон Монгол Улсын Их Хурлаас “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийг батлан хэрэгжүүлж байгааг мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд жендэрийн квотыг 2024 онд 30 хувиар, 2028 онд 40 хувиар хэрэглэх мөн жагсаалтаар орох 48 гишүүн нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар хуульчилсан талаар онцоллоо.
Сэдэвт арга хэмжээний үндсэн илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулахдаа Цахим мэдээлэл, хиймэл оюун ухаан, өндөр технологийн энэ цаг үед ч Монголчууд хотжилттой зэрэгцэн, нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байна. Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байна.
2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Монголын тогтвортой ирээдүй малчидтай, тэр дундаа малчин эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний аж байдал, арга барилыг байнга сайжруулах нь төрийн бодлогын гол асуудал байсаар ирсэн. Гэвч малчин эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, орчин үеийн техник технологи эзэмших талд дутмаг, санхүүгийн орлого нь тогтмол бус, цаашилбал хүний эрхээ бүрэн эдлэх боломж нь хязгаарлагдмал байна. Түүнчлэн нүүдлийн амьдралын хэв маяг, холын зайнаас хамааран малчдын хүүхэд бага боловсрол эзэмшихэд хүндрэл гарч байгааг зэргийг онцлохын сацуу шйдвэрлэх чиглэлд гаргаж буй сайн туршлагыг онцоллоо.
Түүнчлэн арга хэмжээний хэлэлцүүлгийн хэсгийг Азийн Хөгжлийн Банкны Төвийн Жендэрийн хэлтэс, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газрын дарга Саманта Хунг удирдан чиглүүлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Канад улсын Парламентын гишүүн, Уугуул иргэд болон Хойд Онтариогийн эдийн засгийн хөгжил хариуцсан сайд Патти Хаджу, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Энэтхэг Улс дэх дэд суурин төлөөлөгч Канта СИНГХ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний хорооны ахлах зөвлөх Лю Чинхуа нар улс орныхоо ололт амжилт, туршлагаасаа хуваалцав.
Монгол Улсаас зохион байгуулж буй энэхүү сэдэвт арга хэмжээ нь CSW68-д оролцож буй төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, оролцогчдод өөрсдийн санаачлан батлуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг таниулан сурталчлахын зэрэгцээ энэхүү асуудалд илүү ихээр анхаарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдлыг сайжруулах арга замуудаа уялдуулах, ололт амжилт, туршлагаасаа бусад улс орнуудтай хуваалцаж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжийг олгох юм.
Дэлхийн банкны 2022 онд гаргасан тооцооллоор дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу 3 тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч буй бөгөөд, үүний 80 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг дэлхийн улс орнууд нэн тэргүүнд анхаарч буйг Сэдэвт арга хэмжээнд оролцсон бусад улс орнуудын засгийн газрын төлөөлөгчид онцлохын сацуу иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уг асуудлаар дэмжиж саналаа илэрхийллээ.