Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр шар усны үер буух эрсдэлтэй, ус ихээр тогтдог байршлуудад ажиллалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн зам дагуу ус ихээр тогтож, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ, Нийслэлийн Замын хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөллүүдтэй газар дээр нь ажиллав.
Тухайн зам дагуух борооны ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд замын хоёр талд усны хаялга хийснээр шар ус, борооны усыг Сэлбэ гол руу дамжуулан цутгах боломжтой юм.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 23 байршилд их, бага хэмжээгээр ус тогтдог ба “Да хүрээ” зах орчим дахь Б.Доржийн гудамжинд усны хаялга хийлгүй авто зам тавьсан байна. Мөн Зүүн 4 замын уулзвараас “Зүүн хүрээ” хотхон хүртэлх замд борооны ус ихээр тогтдог тул төв замын ус зайлуулах хоолойн түвшнийг намсгах хэрэгтэй аж.
Хотын дарга Х.Нямбаатар “Эдгээр авто зам болон шугам сүлжээний зураг төслийг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагад шалгуулж, учирсан хохиролд үнэлгээ хийн нэхэмжлэх хэрэгтэй. Мэдээж хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээвэл хугацаа алдах тул эхний ээлжид Дарь-Эхийн зам болон Б.Доржийн гудамжны замын шугам хоолойг шинэчилж, усны хаялга хийнэ.
Мөн өнгөрсөн оны наймдугаар сард уруйн үер болсон Баянзүрх дүүргийн 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг сайжруулан хүчитгэх ажлыг энэ онд гүйцэтгэнэ.
Мэргэжлийн байгууллагууд авто зам дагуух борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчлэхэд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон. Нийслэлийн зүгээс энэ онд тодорхой хэмжээний төсөв гаргаж ажлын зураг төсөл нь бэлэн болсон нэн шаардлагатай, томоохон гудамж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээг шинэчлэнэ.
НОК-оос үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон байгаа тул ирэх саруудад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авна” гэв.
Түүнчлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын төв вокзалын хойд уулзварын замын ус зайлуулах шугам хүчин чадлаа дийлэхгүй байгаа тул тухайн хэсэгт их хэмжээний борооны ус тогтдог. Иймд яаралтай Улаанбаатар төмөр замтай зөвшилцөн зураг төслийг нарийвчлан гаргаж, төсвийг нь шийдэн, магистрал шугам төлөвлөж, Нарны гүүрний шугамд холбохоор боллоо.
Ташрамд дурдахад, ГУББГ өнгөрсөн гурван жилийн хугацаанд ус ихээр тогтдог нийслэлийн 25 байршлын шугам хоолойг засварлан шинэчилж, ус тогтохооргүй болгожээ.