НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна. Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.
Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны айл өрхүүдийг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-д хамруулахаар сонгон шалгаруулж байна.
Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засаг болон агаар, орчны бохирдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой. Нүүрс, шахмал түлшний хэрэглээг халснаар айл өрхүүдийн түүнд зарцуулах зардлыг хэмнэнэ. Нарны эрчим хүчийг ашиглан батарей хураагуурт эрчим хүчийг хурааснаар айл өрхүүд оройн цагаар ачаалалтай үед үүнийг ашиглах боломжтой. Нийгмийн хүртээмжтэй байдлыг хангах үүднээс өрх толгойлсон эх эсвэл эцгийг төсөлд хамруулахаар сонгон шалгаруулалт зарлаад байна” хэмээв.
Төсөлд хамрагдах өрхөд тавигдах шаардлага:
- Өрх толгойлсон эцэг эсвэл эх байх;
- Өрхийн нэгээс доошүй гишүүн тогтмол орлоготой байх;
- Таван ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд гурван давхар эсгий дээвэр, туургатай байх;
- Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
- Хашаандаа байнга оршин суудаг байх;
- Тухайн байршилд цаашид таван жил тогтвортой амьдрах төлөвлөгөөтэй байх.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхүүд харьяа хороондоо хандаж эсвэл https://forms.gle/ZM2mEy8krLQDYb9C8 цахим холбоосоор нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.