Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.
Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.