Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээний хүрээнд Салбарын хяналтын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах 6 ТҮЦ-ийн үйл ажиллагаанд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа.
Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлэн ажилласан.
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4-д зааснаар дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан байршил, тогтоосон бүсэд түргэн үйлчилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулж болох талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.