“21-р зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл, судлалын тэнхимтэй хамтран “21-р зууны Монгол гэр бүл” Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Энэ жилийн хурлаар “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир: Монгол Улсын өрхийн тоо 983,485 хүрч, 2019-2023 оны хугацаанд 7,6 хувиар өсөж, өрх толгойлсон 15089 эрэгтэй, 66648 эмэгтэй амьдарч байна. Гэр бүлээ бүртгүүлсэн 17408 хос, гэрлэлтээ цуцлуулсан 4776 хос байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар гэрлэлтээ батлуулсан хосын тоо 13,1 хувиар буурч, гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 10,7 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Иймээс гэр бүлийг дэмжих, бат тогтвортой байдлыг бэхжүүлэхэд онцлон анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд гэр бүлд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, гэр бүлийн хөгжилд зарцуулах хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэх асуудлуудыг хуульд тусгах шаардлага амьдралаас урган гарч байна хэмээн онцлов.

Хэлэлцүүлсэн сэдвүүд нь өнөөгийн Монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөн шинжлэх ухаанчаар судалсан аж.

Төрөөс гэр бүлийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт;

 Гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын бүтэц, төлөвшил;

  Монгол гэр бүлийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;

 Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, анхаарах зарим асуудал;

 Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн;

 Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлын баталгаа;

Уг хурлаар хэлэлцсэн судалгааны хүрээнд эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэгдэж гарах бөгөөд асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлж буйгаараа онцлог юм.

 

Санал болгох мэдээ

“Амгалан дэлхий” төсөл Гандандаржайлин хийдийн сүсэгтнүүдтэй хамт таван төрлийн 500 мод тарилаа

Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ …