Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол өнөөдөр /2024-05-24/ ЭМЯ-нд боллоо.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат талархал илэрхийлэв.
Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан бөгөөд тооцооллоор манай 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байгааг тэмдэглээд “Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна.
Иймд сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлж, халдвар тархалтыг багасгах, цаашид оношийн хожимдлыг цөөрүүлэх, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулахын тулд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлж байгаа юм. Орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна ” гэсэн юм.
Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 2021-2023 онд Улаанбаатар хотын сүрьеэгийн эмзэг, эрсдэлт бүлгийн хүн амын дунд хоёр явуулын илрүүлэг үзлэгийн багийг ажиллуулсан.
Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, 2023 онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан талаар Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл танилцуулаад “2024-2026 оны төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг шинээр байгуулан ажиллуулах гэж байна. Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл өндөр хөдөөгийн баг, хорооны эмзэг бүлгийн хүн ам, сүрьеэ ихээр бүртгэгдсэн гудамж хэсгийн айл өрхөөр явж үзлэг, шинжилгээг хийнэ. “Хаалганаас хаалганд” сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хэрэглэгдэх нийт 1,3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлж байна” гэв.
Эдгээр зургаан аппаратын гурвыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд, үлдэх гурвыг ХӨСҮТ-д хуваарилж нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр ашиглах юм.
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр нийлүүлж буй эдгээр зөөврийн рентген аппарат нь хиймэл оюун ухааны технологид суурилсан бөгөөд батерейг цахилгаанаас гадна нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой, хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар бөгөөд Монгол Улсад ашиглагдаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж юм.
Тиймээс оношилгооны шинэ тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах, эвдрэл гэмтэл гарсан үед гэмтлийг оношлох, үйлчилгээг гүйцэтгэх, авч буй зургийн чанарыг хангах зорилгоор “Хаалганаас хаалганд” илрүүлэг үзлэгийн багийн рентген техникч, сүрьеэгийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг дадлага сургалтад хамруулсан.
Сургалтыг зөөврийн дижитал рентген аппаратыг үйлдвэрлэгч Голланд улсын “Delfh” компанийн инженерүүд биечлэн удирдаж, рентген аппарат болон хиймэл оюун ухааны технологийн суурилуулалт, тохиргоог хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар дадлага хэлбэрээр зохион байгуулсан байна.