Ж.Хунан: Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг Комиссын саналыг УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-д холбогдох саналын хамт өргөн барьсан.

УИХ-ын нэгдсэн чуулганаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл баталсан.

Уг тогтоолын төсөлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудал болон 24 дэх илтгэлд хүүхдийн эрхийн чиглэлээр тусгах сэдэв, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан өнөөдөр /2024.05.30/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Комисс нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой 35 гомдол, мэдээлэл ирснээс холбогдох 9 удаагийн хяналт шалгалт хийсэн. Харин бусад өргөдөл гомдлыг харьяалах байгууллагад шалгаж, шийдвэрлүүлэхээр шилжүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Эдгээрийг агуулгаар нь ангилбал, гэмт хэргийн гэрч хүүхдийн эрхийг хамгаалуулах, эцэг, эх, асран хамгаалагч нь цагдан хоригдсон, саатуулагдсаны улмаас хүүхэд асран хамгаалагчгүй болсон учир хүүхдийн эрхийг хамгаалуулах, хүүхдийн тэтгэвэр тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаагаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Хяналт шалгалтын тухайд Дархан-Уул аймаг дахь “СОС хотхон”, “Нарны хүүхдүүд”, Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн дэргэдэх “Энэрэл”, “Анна хоум”, Өвөрхангай аймаг дахь “Солонго” хүүхдийн асрамжийн газар болон аймгууд дахь Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа зэрэг хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэдгийг онцлон мэдээллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36,363316, бүтэн өнчин 2,911317, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурч, харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна.

Хүүхэд эцэг, эхээсээ хагацах, аль нэгийг нь алдах, эсхүл эцэг, эхдээ гологдож хаягдах тохиолдол цөөнгүй гардаг. Ихэнх тохиолдолд өвчний улмаас эцэг, эх нь нас бардаг бол осол, гэмт хэргийн улмаас нас барах, сураггүй алга болох, эцэг, эх байх эрхээ хасуулах, хязгаарлуулах явдал түгээмэл байдаг. Бага насандаа тэжээн тэтгэгч, асран хамгаалагчаа алдах нь хүүхдийг сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд оруулж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, ирээдүйгээрээ хохирох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна.

Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин хүүхэдтэй холбоотой албан ёсны статистик мэдээ ҮСХ-оос нийт хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо, газар зүйн байршлаар, ХНХЯ-аас асрамж халамжийн төвд байрлаж байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо, БШУЯаас СӨБ, ЕБС, МСҮТ, их, дээд сургуульд хамрагдаж буй хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмж, тэтгэлэг авдаг хүүхдийн тоо ерөнхий байдлаар гарч байна.

Төрийн захиргааны болон хуулийн байгууллагуудын зүгээс зорилтот бүлэг буюу хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн талаарх бүртгэл, тайлан, мэдээллийг дутуу гаргадаг, зарим мэдээллийг огт гаргадаггүй, өөр өөр шалгуур, маягт программ хангамж ашиглаж гаргадгаас тоон мэдээлэл бодитой эсэх нь эргэлзээтэй, дүн шинжилгээ хийхэд хүндрэл учирч байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн мэдээллийн сангаас шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болсон талаар тоон мэдээлэл гарч байгаа ч шийдвэрийн үр дүнд холбогдох хүүхэд хагас болон бүтэн өнчин хүүхдийн аль ангилалд орж байгаа нь тэмдэглэгддэггүй, албан ёсны хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэлд ордог эсэх нь тодорхойгүй байна.

Улмаар хагас болон бүтэн өнчин хүүхдийн статистик мэдээлэл хуулийн тодорхойлолтод заасан шалтгаан, нөхцөлөөр бүрэн дүүрэн ангилагдан гарах боломжгүй байна.

Манай улсад хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийгддэг боловч хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн судалгаа цөөн байна. Ихэнх тохиолдолд хүн амд эзлэх хувь, өсөлт, бууралтын хэмжээнд дурдах төдий байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн аж байдлыг судалж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон нь ховор байна. Ялангуяа, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, онцгой тохиолдлын /онц байдал, байгалиа гамшиг/ сорилтуудыг хохирол багатай даван туулах эн тэнцүү боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эмзэг бүлэгт багтдаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг судалж бодитой тодорхойлон бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүргэх нь чухал юм.

Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа бол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд 2023 оны байдлаар 203 байгаагаас хүчирхийлэлд өртсөн 175, хууль зөрчсөн 2, шүүхээр шийтгүүлсэн 4, гэмт хэргийн хохирогч хүүхэд 1, эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 21 хүүхэд байна.

Дээрх статистик мэдээллээс 2022 онд хагас өнчин нийт 36,363 бүртгэгдсэнээс 303 хүүхэд, бүтэн өнчин нийт 2,911 бүртгэгдсэнээс 204 хүүхэд асрамж халамжийн төвд бүртгэгдсэн гэж үзвэл асрамж халамжийн төвд бүртгэгдээгүй 36,060 хагас өнчин хүүхэд амьд байгаа эцэг, эхийн аль нэгний асран хамгаалалтад амьдардаг, харин асрамж халамжийн төвд бүртгэлгүй 2,707 бүтэн өнчин хүүхэд албан ёсоор хэний асран хамгаалалтад хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна гэлээ.

/Уг мэдээллийн дэлгэрэнгүйг үзэх бол ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ/

Үргэлжлүүлэн 23 дахь илтгэлд тусгасан хүүхдийн эрхийн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан байдлыг танилцууллаа.

УИХ-ын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолд Боловсролын салбар дахь Хүний эрхийн асуудлын хүрээнд

  1. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн эрхийг хангах хүрээнд тэднийг дэмжих төв ажиллуулж, тохирох орчныг бүрдүүлэх, тусгай сургалтын хэрэглэхүүн бий болгох, эцэг, эхийн оролцоог хангаж, багшийн туслахаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, багш, багшийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгох хуулиар тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах
  2. Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, эрх зүйн орчныг бүрдүүлэх

Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд:

  1. Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдүүдийн бүртгэлийг хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавих механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх
  2. Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  3. Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх

Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн талаар

  1. Ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх
  2. Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй байгаа болон хуулиар хүлээсэн хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг биелүүлэх зохицуулалтыг хууль тогтоомжоор тодорхойлох, энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нөхөн төлөгдөх нөхцөлтэй “Хүүхдийн тэтгэлгийн сан” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах тухай асуудлыг тусгасан гэдгийг танилцууллаа.

Улмаар урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан холбогдох төрийн байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийг үер, ус, гал болон зам тээврийн осол зэргээс хамгаалахад онцгойлон анхаарахыг зөвлөлөө.

 

Санал болгох мэдээ

Ган зам- 179-р цэцэрлэгийн хүүхдүүд эрдмийн баяраа тэмдэглэлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Ган зам 179-р цэцэрлэгийн салбар бүлгийн хүүхдүүд өнөөдөр /2024.05.30/ эрдмийн …