Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан. Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзвэл БНХАУ-ын 246, БНСУ-ын 86 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.
Мөн хяналт шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон 6 орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 178 дугаар тогтоолоор Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл хэдий ч хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, оношилгоо, мэс ажилбар хийх зөрчил их гаргаж байна. Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих ангиллын визээр орж ирэх ёстой.
Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлийг авч, зорилгод нь нийцсэн визээр урихыг зөвлөж байна.