Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн 6-р сарын 17-ны өдрийн баталсан “Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.

Үзлэг шалгалтаар Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Улсын Онцгой комиссын орлогч даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Үерийн аюулын бэлэн байдлын үзлэгээр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн эрсдэлтэй байршилд байрлах айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Үзлэг шалгалтын үеэр 2023 оны 7, 8 дугаар сард Улаанбаатар хотод тохиолдсон үерийн аюулд өртөж, нүүлгэн шилжүүлэгдсэн айл, өрхүүд буцаж үерийн эрсдэлтэй газартаа ирсэн, эзэмшил эд хөрөнгөө буулгаж, газрыг чөлөөлөөгүй, үерийн эрсдэлтэй чөлөөлөх шийдвэр гарсан газрыг зарж борлуулахаар зар байршуулсан, авто засварын төв зэрэг зарим хуулийн этгээд шинээр барилга, байгууламж барьж өргөтгөл хийсэн, иргэд эрсдэлтэй газраа шинээр байшин барьсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг энэ сарын 17-28-ний өдрүүдэд үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд …