УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 2 хоног үлдлээ. Иргэд сонгогчид томсгосон тойргоор анх удаа явагдаж байгаа энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж таних хугацаа бага байлаа гэж хэлж болохоор байна.
Мэдээж УИХ-ын гишүүн байсан хүмүүс давуу талаа ашиглан 2023 оны өвлөөс хойш “тайлан нэртэй” танилцуулга, сурталчилгаагаа чамгүй хийсэн.
Харин шинэ залуу нэр дэвшигчид болон бусад нам, эвслүүд сурталчилгаагаа хийхэд хоног хугацаа цөөдөж байгааг тэд онцолж хэлж байлаа
Ямартай ч энэ удаагийн сонгуульд иргэд сонгогчид хэд хэдэн зүйлд анхаарч сонгуульдаа оролцох хэрэгтэй байна.
Нэгдүгээрт; Тойргоо сольж нэр дэвшсэн дэвшигчдийг дэмжихгүй байх нь чухал. Ямар шалтгаанаар тойргоо сольдог вэ гэдгийг анзаарч үзэх юм бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгогдсон тойрогтоо бүтээн байгуулалтын ажил хийгээгүй, тойрог олдоогүй гэх мэт олон шалтгаан цаана нь байдаг.
Хоёрдугаарт; ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сантай нэр холбогдсон нэр дэвшигчдийг дэмжихгүй байх нь чухал. Зарим нь “10 жилийн өмнө ЖДҮХС-гаас зээл авсан, нүүрсний хулгайтай нэр холбогдсон ч хууль хяналтын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон” гэсэн тайлбарыг хэлдэг. Гэхдээ энэ бол бодит тайлбар биш. ЖДҮХС-гаас зээл авна гэдэг бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үг. Мөн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гэдэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж нүүрсний хулгайд оролцсон байх магадлал өндөр.
Гуравдугаарт; Авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байсан, магадлан өршөөлөөр суллагдсан хүмүүс дахин нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг дэмжихгүй байх нь чухал.
Авлига албан тушаалын хэргээр ял авч шоронд хоригдож байсан хүмүүс нэр дэвшиж байгаа бол иргэд сонгогчдыг доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг.
Дөрөвдүгээрт; Иргэд сонгогчдыг тохуурхаж, үл тоож өрсөлдөгчөө харлуулж, доромжилж байгаа нэр дэвшигчид хэрвээ УИХ-ын гишүүнээр сонгогдвол гишүүний эрхээрээ “сүр далайлгаад” хууль зөрчих магадлалтай. Тиймээс ийм нөхөдүүдийг битгий дэмжээрэй.
Тавдугаарт; Ажил албан тушаал хашиж байхдаа алдаа гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, огцорч байсан нэр дэвшигчдийг дэмжиж болохгүй.
Зургаадугаарт; Амласан амлалтдаа хүрээгүй, хэрэгжүүлээгүй нэр дэвшигчдийг дэмжих шаардлагагүй гэсэн 6 зүйлийг иргэд сонгогчдод анхаарч сонголтынхоо гол чиг баримжаа болгож сонголтоо хийх нь зөв юм. Ингэж гэмээнэ иргэд та бид “худалч, хулгайч, хуурамч” этгээдүүдийг улс төрд гаргахгүй байх боломж бүрдэнэ.
Эх сурвалж:Амлалт.мн