Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр “Би Говийн бүсийн 7 дугаар буюу том тойргоос сонгогдож, иргэдийн итгэлийг хүлээсэн. Төр, ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж тангарагласан, тэгж ч ажиллах болно. Өмнө нь сэтгүүл зүйн салбараас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүмүүсийн үед цаг үе өөр байсан байх. Одоо хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй болсон.
Сэтгүүлчдийг үгэнд ор, орохгүй бол шоронд ор л гэдэг болчихлоо. Тэгэхээр хамгийн түрүүнд хэвлэлийн эрх чөлөөний төлөө үг дуугарч, тэмцэх нь миний үүрэг.
Хоёрдугаарт: Миний сонгогдсон говийн бүсэд стратегийн 15 том орд байдаг. Тус бүсэд усгүй болж, газар нутгийн 80 гаруй хувь нь цөлжилттэй байгаа. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө ажиллана.
Гуравдугаарт:Монгол улсын төрийг шударга бусын хямралд оруулсан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, холбогдож байсан хүмүүстэй тэмцэнэ. Өөрийн хувийн эрх ашгийг улс төрийн эрх ашигтай хольж, хутгадаг хүмүүстэй тэмцэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Төрөөс хулгайчдыг зайлуулахын төлөө парламентад орж ирсэн.
Би өөрөө авлигаас хол байна, харин авлигачдыг хянаж, тэдэнд хариуцлага тооцуулахын тулд энэ парламентад орж ирсэн” хэмээн мэдэгдлээ.