Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатартай ярилцлаа.
– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон нутгийн цахим шилжилттэй холбоотой асуудлаар ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?
– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хэдийгээр байгуулагдаад богинохон хугацаа өнгөрсөн боловч цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байна. Жишээ нь:
- Өнөөгийн нийгэмд хүн бүрд ухаалаг гар утас, интернэт, хэвлэх төхөөрөмжгүй эсвэл тодорхой нөхцөл байдлын улмаас гар утас ашиглах боломжгүй иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг улсын хэмжээнд 282 байршилд байгуулж, 800,000 орчим үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор киоск төхөөрөмжийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэвтрүүлж байна. Мөн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг байгуулж, хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
- Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон төрийн байгууллагуудаас төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох систем, программ хангамжийг нэвтрүүлж байгаа хэдий ч иргэдийн цахим ур чадварын мэдлэг ойлголт хангалтгүй байгаагаас үүдэж цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байгаа тул Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон орон нутгийн иргэдийн цахим хэрэглээнд хэвших ур чадвар, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 70,000 гаруй төрийн албан хаагч, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан байна.
- Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Шил” ажиллагааг хариуцсан. Тус ажлын дагуу манай байгууллага shilen.gov.mn-д бусад агентлаг болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд нээлттэй байхаар заасан мэдээллийн баяжилтад хяналт тавих, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж байна.
– “Цахимд хэвшье” арга хэмжээ 21 аймагт зохион байгуулагдсан. Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулах болсон гол зорилго, ач холбогдлын талаар танилцуулна уу.
– Юуны өмнө ”Цахимд хэвшье” арга хэмжээг зохион байгуулах болсон үндэслэл, зохион байгуулалтаас эхэлье гэж бодож байна. 2023 оны 6 дугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Мөн оны 8-10 дугаар сард “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээг танилцуулах, жишиг бодлогын баримт бичгийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж 21 аймагт хүрч ажилласан. Тус ажлын хэсэг нь 2 сарын хугацаанд ажиллахдаа хэд хэдэн арга хэмжээ, судалгааг авсан. Тухайлбал:
- Аймгийн удирдлагуудаас цахим шилжилтийн талаарх мэдлэг, ойлголт, удирдлагын манлайллын түвшин, цахим шилжилтийн бэлэн байдал зэрэг шалгуур үзүүлэлт;
- Төрийн албан хаагчдаас албан хэрэглээний программ хангамж, системээ зөв ашиглаж буй байдал, төрийн үйлчилгээг зөв зохистой үзүүлж буй байдал, иргэдийн сэтгэл ханамж зэрэг шалгуур үзүүлэлт;
- Мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдаас аймагт ашиглаж буй программ хангамж, системийн үзүүлэлт;
- Иргэдээс орон нутагт зохион байгуулж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөр, түүний үр дүн, хэрэгжилтийн талаарх судалгааг нэгтгэн боловсруулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт танилцуулсан. Мөн аймгийн цахим шилжилтийн тайлан 2023 эмхэтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран боловсруулсан. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээний арга хэмжээний дараагийн үе шат буюу “Цахимд хэвшье” арга хэмжээг 2024 оны 3-5 дугаар сард 21 аймагт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан.
Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь орон нутгийн иргэдэд цахим ур чадварыг олгох, дээшлүүлэх, аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд баримтлах зохион байгуулалт, үүний үр дүнд нэгтгэсэн цогц систем бий болгох талаар холбогдох төрийн байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд бүгд хамтран үйл ажиллагаа, үйлчилгээгээ орон нутгийн иргэдэд сурталчлан таниулсан.
Хувийн хэвлийн бүтээсэн техник, технологи, систем, хөдөлгөөнт төхөөрөмжийг төр давхардуулж дахин бүтээхгүйгээр зөвхөн бодлогоор хангах ёстой гэсэн бодлого баримталсан бөгөөд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд маань аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй тодорхой хэмжээнд гэрээ, санамж бичиг байгуулсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс “Цахимд хэвшье” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 2 сарын хугацаанд нийт 40,000 гаруй иргэд, төрийн албан хаагч, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тухайн аймгийн шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудад цахим шилжилтийг эрчимжүүлснээр гаргах үр дүн, боломжийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ зэрэг салбар байгууллагууд бүрэн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлээс Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны ТББ-ын гишүүн байгууллагууд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй онцлог арга хэмжээ болсон. Орон нутагт “Цахим аймаг” зөвлөмжийг хэрэгжүүлэх гол асуудал нь тухайн аймгийг зөв зохион байгуулалт, зөв менежмент, зөв бодлогоор ханган дэмжлэг үзүүлэхэд оршино.
Бид цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээгээр аймгуудын онцлогийг харгалзан үзэж, орон нутгийн боломж, бололцоо, гарц шийдлийн талаар аймгийн удирдлагуудад танилцуулсан. Тус судалгааг бид өөрсдөө зохиож боловсруулаагүй ба холбогдох ижил төстэй судалгаанд анализ хийж, олон улсын ухаалаг хот жишигт тулгуурлан харьцуулалтын аргаар гаргасан. Ухаалаг хот нь цэвэр ногоон байгууламжтай, эрчим хүч, усны удирдлагатай, ухаалаг орон сууцтай, ухаалаг камерын систем, гэрэлтүүлэгтэй, төрийн бүх үйлчилгээ цахимжсан, хог хаягдлын ухаалаг менежментийн шийдлийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа, хоорондын уялдаа холбоог цахим аймаг гэнэ. Иймд бид аймгийн удирдлагуудад энэ тал дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Монгол Улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 суманд оршин сууж буй иргэдэд цахим ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Мөн төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, орон нутаг, хилийн боомт, хилийн чанадад байгуулан 282 байршилд төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг иргэдэд операторын горимоор хүргэж байна.