Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа.
Тодруулбал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан юм.
Тус сургуулийн барилга 1996 онд ашиглалтад орсон бөгөөд гурван давхар 3693 м.кв талбайтай. Мэргэжлийн байгууллагаас тус барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс эвдэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хуучин барилгыг нурааж, 11.665 м.кв талбайтай 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барих юм. НИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцэж, баталлаа.