Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МҮЭХ яамтай хамтран ажиллах хууль, дүрэм журам, цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд нийгмийн салбар бүрийн төлөөлөл намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, нийгмийн түншлэлийг хангахад дуу хоолой болж ажиллах боломжийг олгосон онцлог парламент бүрдсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гол ажил бол гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх юм. Эдгээр асуудлыг Засгийн газар Мөрийн хөтөлбөртөө тусган цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байна.
Нийгмийн даатгалын багц хууль батлагдан нийгмийн даатгалын төлсөн шимтгэлээс хуримтлалын сан үүсгэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээ, цаг хугацаанаас хамаарч иргэн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлээ төлөх зэргээр захиран зарцуулах шинэ хуримтлалын тогтолцоонд энэ жилээс шилжиж эхэлсэн.
Бид ирэх жилүүдэд өрхийн орлогыг дэмжих, өрхийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар МҮЭХ-ны төлөөллүүд саналаа хэлж байлаа. Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 2 ам.долларт хүрэхгүй байна. Өндөр цалинтай ажлын байранд ажиллах ур чадвартай монгол хүн бэлтгэх нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх гол хүчин зүйл учир тодорхой бодлого боловсруулж, тогтолцооны шинэчлэл хийнэ”гэдгээ мэдэгдлээ.