Бусдаас хахууль авсан албан тушаалтнуудын 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39191, мөрдөн байцаалтын 2281 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 215 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 38, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 3, Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хохиролд нөхөн төлүүлэхээр хураан авсан 7 ширхэг орон сууцын хамт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Дүүргийн татварын хэлтсийн албан тушаалтан Б.Б нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч томилон хяналт шалгалт хийлгүүлж, улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн дугаар ангийн ахлах шалгагч У.Д нь иргэн Ц.Т-ыг Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Ш.О нарын нэр бүхий 7 иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Санал болгох мэдээ

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус …