Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.20) бараалхлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглээд, энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж буй чухал ач холбогдолтой Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал гаргасанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар өнгөрсөн 06 дугаар сард Монгол Улсын парламентын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд, Монгол, Словенийн хоёр талын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын харилцаа үлэмж үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Словени Улс Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн дарга, Европ, гадаад хэргийн сайд болон Засгийн газрын гишүүдийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн манлайллыг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдсан. Тэрбээр, Монгол Улс мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр улсдаа төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй, санаачилга гарган ажилладагт баяр хүргэлээ.