МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.

Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дууллаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучлав. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна.

 

Санал болгох мэдээ

2024-2025 оны хичээлийн жилийг Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлав

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санаачилгаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ хамтран …