Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтан, албан хаагч, удирдлагатай холбоотой гомдол ирсэн тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзаж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын эрхийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүрийн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн асуудлыг тусгаж, сүүлийн 6 жилийн хугацаанд гүйцэтгэсэн 20 орчим судалгаа, дүн шинжилгээ болон Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажлын талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 20, 21, 22, 23 дахь илтгэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийг баталгаатай эдлүүлэх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлуудад анхаарч, илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 49, 67, 35, 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлөө.

Түүнчлэн эмийн чанар, хүртээмж, асрамжийн газар, геронтологийн төв, эрүүл мэндийн төвийн удирдлага, ажилтнуудтай холбоотой гомдол мэдээлэл Комисст цөөнгүй ирдэг талаар дурдаад, эдгээр асуудлуудад анхаарч ажиллах, “Агапе” эмнэлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэлт, уналт таталтын эмийн хүрэлцээ, хангамж, эмийн бүртгэл, судалгаанд хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс эмнэлгийн ажилтнуудтай холбоотой гомдол, удирдах ажилтнуудад ашиг сонирхлын зөрчил бий эсэх салбар яамны зүгээс анхаарч ажиллаж байна. Ялангуяа тухайн эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагч, удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл удаа дараа ирсэн тохиолдолд шат дараалсан арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх нь зөрчигддөг асуудлууд салбарын түвшинд байна. Тухайлбал, иргэдээс эмч, сувилагч нарын биед нь халдах асуудал байдаг.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүн чанарын асуудалд анхаарч, хүнлэг, хүн чанартай байх талаар оюутан цагаас нь эхлээд хичээлийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй бөгөөд цаашид үйлчилгээний стандарт нь ямар байхыг нарийн тогтоож өгөх нь зүйтэй. Эмч нарын хувьд мэдлэг, ур чадвараар гологдохооргүй болсон. Иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь эмч, эмнэлгийн ажилтнуудын зан ааш, харилцаа хандлага, үйлчлүүлэгчээ ялгахгүй харьцах хүний мөн чанарын асуудалтай холбоотой асуудал байдаг. Эдгээрийг оюутан цагаас нь зааж сургах хэрэгтэй.

“Агапе” эмнэлгийн хувьд олон асуудал байгаа учраас тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаа боловч зарим нэг хүндрэл бэрхшээл бий. Нийт 40 гаруй үйлчлүүлэгчийг эмнэлгүүдэд хуваарилсан. Монгол Улсын хууль тогтоомжийг дураараа зөрчдөг гаднын эмч, эмнэлгийн ажилтан байж болохгүй.

Уналт таталтын эмийн хувьд ашиг бага гардаг гэдэг утгаар нь хувийн компаниуд импортлох нь бага байдаг. Яамны зүгээс эмийн худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудыг бусад эмийн хамт импортлох бодлого барьж байна. Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил хийгдэж байна гэдэг тайлбар, мэдээлэл өглөө.

Комиссын дарга Д.Сүнжид эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа эмч нарт эрх зүйн болон бодит хамгаалалт шаардлагатай байгааг дурдаад Комиссоос хэрэгжүүлж буй “Хүний эрх ба Технологи” нээлттэй хяналт шалгалт, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд 2025 онд гүйцэтгэх судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын ажилд Эрүүл мэндийн яамтай харилцан мэдээлэл солилцох, иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус салбар нь хүний нөөц тэр дундаа сувилагчийн орон тооны дутагдалд орсон. Монгол Улс эмчийн нөөцөөрөө дэлхийд эхний 5 дугаарт ордог. Салбар яамны зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ, нээлттэй хяналт шалгалт явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудалд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган …