Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр нар тус байршилд ажиллалаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү гүйцэтгэгч компанид есдүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болгов.
“Рутан” ХХК-ийн захирал П.Бямбабаатар: Газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэн. Манай ажилчид зарим тохиолдолд гараар ухаж, магистрал шугамд таарсан аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хичээж ажиллаж байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд хонгилын систем хийж байгаа учир газар доорх зогсолтгүйгээр үргэлжилж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээг одоо байгаагаас илүү олон улсын стандартад нийцүүлэх гэж хийж байгаа өргөн хэмжээний ажил гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна.
Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 950 метр хос шугамыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй. Бид тендерийг хоёр жилийн өмнөөс зарлаж, энэ жилээс ажлаа эхлүүлсэн. Зуны богино сарын хугацаанд хотын төвийн А бүсэд 30-60 жилийн насжилттай шугамыг бүрэн шинэчлэх ажилд хүндрэл бэрхшээл багагүй учирч байна. Гэсэн хэдий ч хугацаандаа амжиж дулаанаа өгөхөөр хичээж ажиллаж байна” гэлээ.