Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр үүрч эвдэрч байгаа гэх асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
-Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна уу? Яагаад эвдэрсэн юм бэ?
-Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрч үүрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг шалгаж үзэхэд гаднын нөлөөгөөр эвдрэлд орсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бродюр эвдэрсэн учраас бид цагдаагийн байгууллагаар шалгуулж буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.
-Авто замын бродюрыг шинэчлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан аваагүй гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?
-2023 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болоод бродюр үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж бродюр нийлүүлэх тоо хэмжээ, зах зээлийн үнэ ханшийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байдаг.
Бродюр үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Минжит Булган” ХХК 35 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дээрх компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлэхэд их хэмжээний бродюр худалдах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Бидний зүгээс дээрх компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж дотоодоосоо бродюр авах зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Харамсалтай нь шинэ тоног төхөөрөмжөө угсарч дууссан ч бидний эрэлтийг хангахуйц их хэмжээний бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Тиймээс бид БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч солиод байгаа.
-Авто замын ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийсэн гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Зам засварын ажлын дараалал гэж бий. Авто замыг засварлахдаа асфальт хийж 8 см зузаан хучилт хийдэг. Түүний өмнө бродюр, ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөх шаардлага гардаг. Хучилт хийхээс өмнө ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөөгүй үед засварын дараа таг доошилж хонхойлт үүсдэг. Тиймээс бид хучилтын зузаантай зэрэгцүүлж тагийг өндөрлөдөг. Гэвч энэ ажлыг иргэд олон нийт ойлгохгүй таг нь замаасаа өндөр байна гэж шүүмжилсэн. Бид замаа засах гэж байгаа учраас л тухайн авто замын таг, бродюрыг өндөрлөөд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.
Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан авто замын бүтээн байгуулалтын ажил болоод бродюрын асуудлаар олон нийтийн сүлжээнд янз бүрийн худал мэдээлэл гарч байна. Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авч байхыг хүсье. Авто замын засвар шинэчлэлтэй холбоотой асуудалд бид иргэдэд үргэлж нээлттэй мэдээллийг хүргэж байгаа. Дээрх худал мэдээллүүд ажил гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс та бүхэн мэдээлэлд цензуртэй хандахыг уриалж байна.