Н.Учрал:“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах реформ хийх чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д төрийн болон орон нутгийн өмчийн хууль, төрийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн хууль өнгөрсөн чуулганаар батлагдсантай холбогдуулаад тус сангийн хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 27 хувийг нь 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх тогтоол гарсантай холбоотой бэлтгэл ажлыг хангах чиглэл авлаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг оруулна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 27 хувь иргэдийн эзэмшилд байдаг. Гэтэл өнөөдөр 1072 хувьцаа энгийн хувьцаанд шилжээгүй учраас иргэд хувьцаагаа арилжаалж чадахгүй  байна.
Хөрөнгийн зах зээлд нээлттэй компаниар бүртгэгдэх ажил үр дүнд хүрээгүй. Компанийн засаглал төдийлөн сайн ажиллаж чадаагүй. Тийм ч учраас “Эрдэнэс Тавантолгой” компанид улс төрийн нөлөөлөл одоо ч байсаар байна. Хараат болон хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигч нарынхаа эрх ашгийг хамгаалдаг, засаглалыг сайжруулах чиглэлээр ажилладаг болгох ёстой.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар төрийн өмчийн компаниуд цалин, урамшуулал, үйл ажиллагааны мэдээллүүдээ ил тод байлгах үүргийг хуулиар хүлээсэн хэдий ч мэдээлэл хангалттай нээлттэй бус байна гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус гишүүд, салбарын экспертүүдийн зүгээс шүүмжилдэг. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй компани болгох ёстой. Мөн “Эрдэнэс тавантолгой” компанид нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад олон улсын менежментээр удирдуулах чиглэлийг судалж Засгийн газарт хүргүүлнэ.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид олон улсын тендер зарлаж, гаднын менежментээр удирдуулах бодлогыг барьж ажиллана. Ингэснээр энэ компани дахь улс төрийн нөлөөлөл багасна.
Цаашлаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн дэргэд байгаа компаниудыг нээлттэй компани болгох ажлуудыг шат дараатайгаар хийнэ.
Мөн “Цаасгүй засаг” арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Энэ хүрээнд төрд 15 янзын мэдээлэл солилцооны систем ажилладаг байсныг нэг жилийн хугацаанд дундын docx системийг ажиллуулж, аймаг, сум, нийслэлийн яам, агентлагууд бүгд хоорондоо бичгээ солилцох системийг бэлтгэлийг бүрэн хангуулсан. Энэ системийн бэлтгэлийг өнгөрсөн 7 хоногт туршиж үзээд, энэ цаг мөчөөс эхлээд ЗГХЭГ ирж байгаа бичгүүдийг цахимаар, тоон гарын үсгээр баталгаажуулж авах шийдвэрийг гаргалаа.
Үүний үр дүнд жилд 15 яамд гарч байгаа 1.4 тэрбум төгрөгийн цаасны зардлыг хэмнэнэ. Өнөөдрөөс эхлээд аль ч төрийн албанаас ирж байгаа бичгүүдийг цахимаар авна. Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын тогтоол, зарим цаасаар явуулах шаардлагатай баримт бичгүүдийг цаасаар авна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Т.Мөнхсайхан: Эмч хүн сэтгэлтэй байж, өөрийгөө тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд тавьж, харьцах ёстой

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль жил бүр оюутны Андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. …