Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг зохион байгуулж буй. Тус хөтөлбөр нь нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд есдүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 120 орчим албан хаагчийн хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авсан юм. Эдгээр оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 81 албан хаагч Mентигээр шалгарсан бол төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй 42 албан хаагчаас 16 албан хаагч Mентороор шалгаран оролцож байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон албан хаагчтай хуваалцах, тэднийг чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ мэргэших ур чадварыг нэмэгдүүлэхэд оршиж буй.