Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-д англи, орос хэлний багш шаардлагатай байна

Хэнтий аймгийн Дадал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа.

Хэнтий аймгийн Дадал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Дамдинпүрэвтэй цөөн хором ярилцлаа.

Хөдөөгийн сургуулиудад багш нарын хүрэлцээ хангамж тааруу гэсэн мэдээ байсан. Танай сургуулийн хувьд ямар байгаа вэ?

-Манай сум Хэнтий аймгаас 270, Улаанбаатар хотоос 600 гаруй км-ын зайтай алслагдсан сумын нэг. Энэ хичээлийн жилд газар зүй, эрүүл мэнд, нийгэм зэрэг хичээл дээр шинээр төгссөн багш нарыг авч ажиллуулж байна. Гэвч зарим хичээлийн багш дутмаг байгаа. Англи хэлний хоёр багштай байхаас ганц багштай, орос хэлний багш дутмаг байна. Ганц манай сум гэлтгүй багш нарын нөөц улс даяараа дутуу байна. Манай сумын тухайд ажилчдын байр сууцны асуудал бэрхшээлтэй. Бид багш нарынхаа орон сууцыг өөрсдийнхөө боломжоор, янз бүрийн байдлаар шийдэж байна.

Алслагдсан сумын тухайд сурагчдад дотуур байрны эрэлт хэрэгцээ их. Байрны хоол хүнсний хүрэлцээ ямар байна вэ? Улсаас олгодог төсөв нэмэгдсэн үү? 

-Манай суманд 2020 онд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон. Жилдээ малчдын 140-160 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч сурч байна. Дотуур байрын хоол хүнсний төсөв өөрчлөгдөөгүй. Сурагчийн нэг өдрийн хоолны төсөв 4000 төгрөг. Ахлах ангийн сурагчдынх 300 төгрөгөөр илүү. Дадал суманд мах үнэтэй учраас бусад зардалдаа нөлөөлдөг тал бий. Гэвч бид дотуур байрны сурагчдын хоол хүнсийг аль болох хүртээмжтэй байлгахыг хичээдэг.

Дадал сумын сургууль ТХБ-II төслийн жишиг 30 сургуулийн нэг. Тус төслийн дэмжлэг, сургуулийн хамт олны санаачилгаар сумынхаа байгаль, түүхийн цогцолбор газруудаа, түүхээ танилцуулдаг хөтөч хүүхдүүдийн клуб ажиллуулж хэвшсэн. Одоо ч энэ клуб идэвхтэй ажиллаж байгааг багш нар танилцууллаа. Энэ туршлагаасаа хуваалцвал?

-Манай сум түүхэн аялал жуулчлалын нутаг гэдгээрээ онцлог. Үүний хүрээнд сургуулийн багш нар, хүүхдүүд түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөтөч, сургагч бэлтгэх, үүх түүхээ танин мэдэх клуб ажиллуулдаг. ТХБ-II төслийн хүрээнд 2021 онд байгуулагдсан “Ирээдүйн хөтөч” клуб нийт 40 гаруй хүүхэд бэлтгэсэн. Анх бэлтгэгдсэн сурагчид төгсч, шинээр 15 сурагч элсүүлсэн. Клубийн сурагчид монгол хэл уран зохиолын багш Баярмаа, англи хэлний багш Золзаяа нартайгаа хамтран Чингис хааныхаа газар нутгийн онцлогийг англи, монголоор танилцуулах тайлбарлах чадвар эзэмшиж байна.

“Ирээдүйн хөтөч” ийн сурагчид нутгийнхаа газар зүйн онцлог,

үүх түүхийг англи хэлээр тайлбарлана

Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ийн  Англи хэлний багш М.Золзаяа: Бид байгальд ээлтэй хөтөч хүүхдүүд бэлтгэх зорилготой Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд нээж нийт 44 хүүхдийг хөтөч тайлбарлагчаар бэлтгэлээ. Энэ хичээлийн жилд хүүхдүүд маань англи хэл дээр үүх түүхээ танилцуулж тайлбарладаг болох зорилго тавьж байна. Клубт 5-9 дүгээр ангийн сурагчид суралцаж хичээллэдэг. Тэд сум орон нутгийнхаа үүх түүхийг мэдэх, бусдад тайлбарлан таниулах чадвартай болохоос гадна өөрийгөө нээх, бусдад санаа бодлоо илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх чадвар сайн суудаг. Түүндээ урамшаад найз нөхдөдөө заах гэх зэргээр сайн зөв нөлөө их.

Клубийн сурагчид мөн өөрсдийнхөө угсаа гарлын 4-9 үеэ нэрлэдэг. Бид Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас өгсөн тайлбар мэдээллийг үндэслэн түүхэн болон домог, газар зүйн талаас нь тайлбарладаг. Аялал жуулчлалын цагаар  хүүхдүүд дотоод гадаадын жуулчдад тайлбар танилцуулгаа хийдэг.

 

Санал болгох мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач …