Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.
Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав
Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.
Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.