Яармагийн 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг арваннэгдүгээр сарын 15-нд шинэчилж дуусна

Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө 4.8 км цэвэр усны шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энд “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татахаар боллоо. Тухайн компани бидний ажлыг дэмжиж, зөвшилцлөө. Мөн Яармаг орчимд трасс чөлөөлөх хэд хэдэн байршил байна. Тэдгээр аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэх эсвэл трассыг албадан чөлөөлүүлнэ. Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.

Ийнхүү цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүлжүүлэх юм. Цаашлаад нийслэлд олон жил шинэчлээгүй шугам хоолойг шинээр барих, үндсэн гол шугамуудыг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг хотын дарга мөн уриаллаа. Тухайлбал, дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа юм.

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид …