“Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Удирдлагын академитай хамтран “Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” модуль сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.

Сургалтын ач холбогдлын талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангараваас тодрууллаа.

Тэрбээр “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Салбарын хяналтын байцаагч нарыгаа шинэ арга хэлбэрээр хяналт шалгалт зохион байгуулахыг зорьж байгаа. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 17 модуль хөтөлбөрийн хүрээнд хяналтын улсын байцаагч нарыг тусгайлсан хөтөлбөрөөр гурван өдрийн сургалтад хамруулж, бэлтгэж байна. Энэ удаагийн сургалтаар 30 байцаагч хамрагдлаа.

Цаашид салбарынхаа нийт байцаагч нарыг энэ арга зүйгээр хяналт шалгалт хийх нэгдсэн бодлогоор хангаж ажиллахыг зорьж байна.
Сургалтын ач холбогдол нь байцаагч нарт хяналт шалгалт хийх арга зүй, хөдөлмөрийн байцаагчдад шаардлагатай зөөлөн ур чадварууд, эмзэг бүлгийн ажилтнуудтай хэрхэн харилцаж ажиллах вэ? хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлт, олон улсад хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулалтаар хийдэг вэ гэдэг зорилго чиглэлийн хүрээнд зохион байгууллаа” гэсэн юм.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналт, ХАБЭА-н ахлах мэргэжилтэн Хавиер Барберо: Хөдөлмөрийн хяналт гэдэг бол систем тогтолцоо юм. Энэ хүрээнд хүний нөөц гол тулгуур багана юм.  Тийм учраас бид нар сургагч багш нарыг бэлдэх ёстой. Сургагч багш нарт шаардлагатай ур чадвар, мэдлэг туршлагыг нь бий болгож өгөх хэрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг бол тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд үндсэн суурь нөхцөл нь болж өгч байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой конвенц байдаг.

Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын өнөөгийн ажлын нөхцөл байдал, ур чадварын  түвшинг сайжруулахын тулд мэдээж байцаагч нарынхаа ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах нь чухал.

Хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын ажлын орчны нөхцөлийг нь бүрдүүлж, ур чадвартай мэргэжилтнүүдийг ажлын байранд нь хэвээр нь авч үлдэхийн тулд мэдээж хэрэг тэдэнд зориулсан хөдөлмөрлөх, таатай орчныг нь бүрдүүлж өгөх нь маш чухал юм.

Сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар хэлтсийн хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын 30 улсын байцаагч хамрагдсан юм.

“Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” модуль хөтөлбөрийг үйл ажиллагаандаа ашигласнаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах, шинэ байцаагчдыг сургах, улсын байцаагчдын үйл ажиллагааг дэмжих, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хяналт шалгалт хийх, байцаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын …