Нийслэлийн төсөв-2025: Төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа.

Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг илэрхийлж, хариулт өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө, нээлттэй баталлаа.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо.

Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Бид хуулийн цагалбарынхаа дагуу л хуралдаанаа хийж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Нийслэл ирэх оны төсвийн төслөө өнгөрсөн долоо хоногоос хойш хэлэлцээд, хороод, бүлгүүд хуралдаад төсвийнхөө хоёр дахь хэлэлцүүлгээ хийлээ. Мэдээж УИХ төсвөө батлаагүй байхад нийслэл төсвөө түрүүлээд батлах нь зөв үү, буруу юу гэдгийг эрх баригчид өөрсдийн түвшиндээ шийднэ биз.

Улсын төсвийн дараа баталдаг гэх уламжлалт ойлголтоороо асуудалд хандсан өнгө аяс их байна.  Ямар ч байсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиараа, тусгагдсан цаг хугацаандаа багтаж хуралдаануудаа хийлээ гэж харж байна.  Иргэд, олон нийт татвартай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг. Утаа, түгжрэл, хотын нөхцөл байдлаа харсан ч энэ төрлийн татварыг нэмлээ гэхэд зөрүүлээд цалин, урамшуулал, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юу гэдгээ эргэж харахыг төлөөлөгчид саналдаа тусгасан. Нөгөө талдаа 7.5 хувиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчим сайжирна гэдгийг Авто замын газрынхан хэлж байна билээ.

 Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу түгжрэл хэдэн хувь буурах вэ, авто замын ачаалал ямар хэмжээнд багасах вэ гэдгээ олон нийтэд Түгжрэлийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа эрх бүхий албаныхан нь тодорхой тайлбарлах байх. АН-ын зүгээс цаашлаад төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын …