Францын парламент сүүлийн 60 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Ерөнхий сайдаа огцруулж, БНСУ-ын парламент Ерөнхийлөгчийнхөө зарласан онц байдлыг цуцлахтай зэрэгцэж, Монголын парламент өнгөрөгч долоо хоногт өөрсдийн баталсан төсвөө шинээр боох хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Парламентын танхимууд хүчтэйгээ харуулсан гадны кэйсүүдийн хажууд монгол ялаад ч байгаа юм шиг, ялагдаад ч буй юм шиг бүрхэг дүр зурагтай сууцгаана.
Дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэсийн үнэ нь жаахан өсөөд, зээлжих зэрэглэл нь арай томорч, олон улсын байгууллагууд үнэлгээгээ ахиулаад ирэхээр дотоодын зодоон нь хурцаддаг байдал ирэх жил дахин давтагдах “үнэр” тод ханхлах болов. Дотоодын ийм зодоонд 126 гишүүнтэй болсон парламентын хүч, популизм, голч байдал ямархуу байхаас нийгмийн салхи бас дагаж ханарах нигуртай.
Ялангуяа парламентад ямар дүр оройлон гарч ирэх үү. Түүний ярих агуулга хаашаа чиглэх үү гэдгээс нийгмийн уур амьсгал ихээхэн хамаарна.
Жишээ нь, “Төсөв чинь үнэхээр болохоо байлаа” гэсэн шүглийг шарк Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүд өрдөж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Монгол Улс 1990 оноос хойш анх удаа алдагдалгүй төсөв батлах гэж байна. Ард нийт бол алдагдалгүй төсөв баталж буй дээр баярлаж, алгаа ташаад өнгөрчихнө. Нийтэд ийм сайн үр дагаврыг Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар авчирчихлаа гэж харагдана.
Харин хэрсүү нүдээр харвал алдагдалгүй төсөв нь эдийн засгаа ирэх жилүүдэд тэлэх орчноо ерөнхийдөө хаачхаж буй. Өрхөөр бол ямар ч илүү дутуу зардал гаргахгүй, “рам”-ндаа жайжигнаад, гурил будаагаа аваад л амьдрах нэр юм. Иргэн Дорж зориг гаргаад нэг том машин авч, тэр машины зарж буй этгээд овоо ашиг олж, олсон ашгаараа эргэлтээ сайжруулах …зэрэг ийм гинжин хэлхээ нэлээд саарна гэсэн үг.
Д.Энхтүвшин бол ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй МҮХАҮТ-ыг тэргүүлж байсан хүн. Төсвийн зардлуудыг хумьчхаар ААН-үүдийн тендерт оролцох боломж асар их хумигдаж, ардаа тэжээдэг ажлын байраа хадгалах дээр хүртэл эрсмдэл үүснэ гэдгийг сийрэг тархи нь гүйлгэж бодолгүй л яахав.
Жудагийн Баярмаа л гэхэд монголд хувийн хэвшил, чөлөөт зах зээлийн магнатаар нэрлэгдэж явсан “Глоб”- Ж.Мэндбаярын дүү. Тэр “Кноп гацлаа” гэж худлаа жүжиглэж чадтлаа популист болов. Түүний ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж тэргүүтнүд бий гэгдэх. Ирэх жилүүдэд төсөв тэлэхгүй байснаар эдийн засгийн эргэлт саарна гэдгийг тэр дотроо бол маш сайн мэдэж байгаа.
Парламент удахгүй Францын “Орана”- тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Хятадын “Чайна Энержи”-тэй зурах нүүрс олборлох гэрээнүүдийг хэлэлцэнэ.
Нүүрсний чиглэлд хийгдэх энэ гэрээгээр Тавантолгойн бүлэг орд эзэмшигч MCS-ийн Д.Оджаргал, Ажнай Д.Бат-Эрдэнэ, цаашлаад өнөөгийн спикер Д.Амарбаясгалангийн зөвлөхийн хамаарал бүхий Бор тээг тэргүүтэй ордуудын нүүрс арилжааны эрх ашиг ямар нэгэн байдлаар, “ашигтай ус” байдлаар хөндөгдөнө.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу