Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байгаа бөгөөд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.
Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах, хорооноос гарсан шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний үр дүнг Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;
Утаа, агаарын бохирдол, шороо тоосны бохирдлын хэмжээг нарийвчлалтай тогтоох нийслэлийн шуурхай штабыг байгуулан ажиллуулах, гэр хороолол тэр дундаа зорилтот айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зохион байгуулалтыг хийх, эдгээрт эргэн хяналт тавьж ажиллах, мөн дугуй, хог, хуванцар сав түлж байгаа зэрэгт хяналт тавих,
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, үүнд төрийн албан хаагчдын дэмжлэгийг авч оролцуулах, энэ талын зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд түгээн мэдээлэх;
Агаарын бохирдлыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урт, богино дунд хугацааны төлөвлөгөө гаргах, энэ талын мэдээллээр иргэдийг хангах;
Агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, тост өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулахад анхаарч ажиллах, бага насны хүүхэд болон өндөр настангуудыг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гарган ажиллах,
Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч, хяналт тавих;
Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14 хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.