Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг, хэргийн мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэт хүний амь нас хохирсонд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан. Ангийнхаа үлгэр жишээ бахархал болсон сайн байлдагч байгаа юм. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэхүү эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага “Тавантолгой түлш” компанийн үе үеийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийг мөрдөн шалгаж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тавантолгой түлш” компаниас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж байна.
Шалгалтын явцад албан тушаалтнууд, түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно.
Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан мэдээлэл цахим орчинд 21:00 цагийн үед анх цацагдсан. Энэ асуудал бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг.
Хувь хүний нууцад халдсан, задруулсан нь тав хүртэлх жилийн хорих ялтай. Ийм хэцүү зовлон бэрхшээлийг туулж яваа энэ үед мэдээллийг албаны журмаар цацсан бол хариуцлага тооцно. Өчигдөр орой яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим зүйл цагдаагийн байгууллагад огт байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байна. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Ийм зүйл хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ.
Хохирогч согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн нь худал. Гүтгэлэг. Цагдаагийн байгууллага хүний хувийн мэдээллийг задруулсан бол ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно.” хэмээн мэдэгдлээ.