Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн боловсруулсан болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн гүйцээн санал хураалт явуулсны дараа найруулгын саналуудаар мөн санал хураалт явуулснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дуусаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болов. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж дууссаны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг үндэслэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир хууль батлагдан гарлаа.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар мөн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж, хуулиуд батлагдан гарлаа. Үүгээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.