МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХИЙГ “МАРТАГНУУЛАХЫГ” ХЭН ХҮСЭВ?

Энэ жил Халхын голын ялалтын 86 жилийн, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна

Халхын голын байлдааны 86 жилийн ой удахгүй тохионо. Өмнөх жилүүдэд Халхын голын байлдааны түүхт 70, 75, 80, 85 жилийн түүхт ойг Халхын голын байлдааны ялалтанд гол үүрэг гүйцэтгэсэн ЗХУ (одоогийн ОХУ) -ын төр засаг, цэрэг армийн удирдлагуудын хүрээнд тодорхой хэмжээнд анхааран, Халхын голын байлдааны түүхийг сөхсөн, сануулсан, олон нийтийг хамруулсан арга хэмжээ Монгол Улсад болж ирсэн уламжлалтай.

Энэ удаад Халхын голын 86 жилийн ойг төр засгийн өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй гэлээ Монгол Улсын Батлан хамгаалах салбараас Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд Японы эзлэн түрэмгийлэгчдээс заналхийлсан 1939 оны Халхын голын байлдааныг сануулсан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх бизээ.

Ямартай сэтгүүлчийн хувьд Халхын голын байлдааны түүхт 86 жилийн ойн хүрээд “БИД МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХ” сэдвийн хүрээнд тус байлдааны түүхийг товч өгүүлэхийн зэрэгцээ өдгөө бид эл түүхээс юуг ойлгох, юунд анхаарах, яаж хандах ёстойг хэлэхийг зорьлоо.

Түүнчлэн 1945 онд болсон Чөлөөлөх дайны түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байна.

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ТҮҮХ /товч/

Түүх сөхөн үзвэл 1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ.

Манж-Го бол Японы эзэнт гүрний байгуулсан цэргийн дэглэмд суурилсан “Марионет улс”/тоглоомын улс/ буюу нэр төдий тусгаар тогтносон мэт боловч, бодит байдал дээрээ Япон улсын бүрэн хяналт, удирдлагад байсан улс юм.

1939 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Дорнод аймгийн Халхын голын зүүн эрэг орчимд Японы Квантуны армийн дэмжлэгтэй Манж-Го улсын цэргүүд Монголын хилийг зөрчин орж, Монголын хилийн цэрэгтэй буудалцсанаар Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг.

Товчхондоо, Японы эзэрхэг түрэмгий арми Монгол улсыг эзлэн авах бодлого гаргаж, Тусгаар Монгол Улсын хилийг зөрчин нэвтэрч, Монголчуудын тусгаар тогтнолд шууд заналхийлсэн юм.

1939 оны тавдугаар сарын 11-ээс 9 дүгээр сарын 15-ны хүртэл 4 сар 4 хоног үргэлжилсэн энэ байлдаанд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.

Халх голын байлдааны явцад 6 дугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн өмнөх танкын хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-Зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамардаваа-Номунханы чиглэлд японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч 9 сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд япон-манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, 9 дүгээр сарын 11-нд японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ.

Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад – ЗХУ, Япон улс гал зогсоох хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ.

Эл хэлэлцээр ёсоор 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02:00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.

Харамсалтай нь энэ дагуу өмнө нь Монголын газар нутагт хамаарч байсан Мана уул зэрэг зарим газрууд Манж-Го-ын тал үлдэж, хожим нь Хятадын газар нутаг болсон түүхтэй.

Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, Япончууд 10000 цэргээ, Зөвлөлт холбоот улс 8000 цэргээ тус тус алдсан гэдэг.

Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан үйл хэрэг болсон билээ.

Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон Монгол улс бодитойгоор оршин тогтнож, эр цэргүүд нь эх орноо, дархан хилээ хамгаалж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал болсон гэж хэлж болно.

 

Чөлөөлөх дайнд Япон улс ялагдаж, цэргүүд нь олзлогдов

1939 онд Халхын голд Зөвлөлт-Монголын талд ялагдсан Япон улс дэлхийн II дайны төгсгөлд буюу ЗХУ Герман улстай байлдаж байхад Герман, Италыг улсыг дэмжихээ илэрхийлж холбоотон болсон учир, ЗХУ Япон улстай байгуулсан харилцан үл довтлох гэрээгээ цуцалж, Японы эсрэг 1945 оны 08 сарын 09-ны өдөр дайн зарласан бол маргааш өдөр нь буюу 08 сарын 10-ны өдөр БНМАУ-аас Япон улсад дайн зарлав.

Мөн Японд дайн зарласан өдөр маршал Х.Чойбалсан нийт ард түмэн, цэрэг дайчдад хандаж радиогоор үг хэлэхдээ “Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, … манай ах дүү дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна. Та нар бол бүх Монгол үндэстнийг чөлөөлж, нэгдүүлэн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болгохын тулд ариун шударга дайнд орсон байна” хэмээн онцлон тэмдэглэж байв. Үүнээс үүдэн “Чөлөөлөх дайн” гэдэг нэршил бий болжээ.

Төд удалгүй Манжуур, Сахалин, Курилын арлуудад Зөвлөлт-Монголын хамтарсан арми гарамгай амжилт үзүүлж, богино хугацаанд Японы Квантуны армийг ялж, 500 мянга гаруй япон цэргийг олзолсон гэдэг. Зөвлөлт-Монголын арми хятад, өвөрмонгол, солонгос иргэдийг японы эзэрхийллээс чөлөөлсөн учир түүхэнд энэ дайныг “Чөлөөлөх дайн” гэж нэрлэсэн.

Чөлөөлөх дайны дараа манай улс ЗХУ-аас ажиллах хүч хүсэхэд тэд, дайнд бууж өгсөн 12300 япон олзны цэргийг 1945 оны 10 сард манай улсад ажиллах хүч болгон илгээсэн гэдэг.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан 57-р хурлаар тогтоол гарган Сайд нарын зөвлөлийн дэргэд “Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх Ерөнхий газар” байгуулж байсан түүхтэй.

Олзлогдсон япон цэргүүдийн 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулж, үлдсэнийг нь Аж үйлдвэрийн комбинатын арьс шир, эсгий боловсруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт 700 хоригдол, Шохойн цагаан булагийн шохойн үйлдвэрт 90, Сүхбаатар шүдэнзний үйлдвэрт 200 хоригдол, бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт хувиарлан ажиллуулж байжээ.

Мөн олзны цэргүүдэд эм болон эмнэлгийн үйлчилгээг хүргэж байсан гэдэг.

1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан гэдэг. Албан ёсны тоо баримтаас үзэхэд, монголд нийт 1613 олзны япон нас барж, Дамбадаржаа, Хужирбулан, Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Өгийнуур зэрэг 16 газарт оршуулжээ.

1962 оны есдүгээр сард Дамбадаржаа дах цогцолбор газарт анх удаа япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Хүмүүнлэгийн дэмжлэг

1951 онд АНУ-ын Сан-Франциско хотод болсон энхийн гэрээнд дайны нөхөн төлбөрийн асуудлыг олон улсын хэмжээнд зохицуулсан боловч Монгол улс ЗХУ-ын нөлөөн дор байсан тул оролцоогүй.

Харин тус гэрээгээр Япон улс Азийн Бирм, Индонез, Филиппин зэрэг улсад дайны төлбөрийг эдийн засгийн дэмжлэг бараа үйлчилгээ, зээл тусламж хэлбэрээр олгож байсан.

ЗХУ Японоос дайны нөхөн төлбөр авахаас татгалзсан. Манай улсын иргэд хэдийгээр “Говь” ноолуурын үйлдвэрийг япончууд дайны төлбөр болгон барьж өгсөн гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ 1978 онд ноос ноолуур боловсруулдаг “Говь” үйлдвэрийг Япон улсын эдийн засгийн буцалтгүй тусламжаар барьсан.

Ардчилал гарсан цагаас хойш Монгол-Японы харилцаа сэргэж, Япон улсаас манай улсад олон салбарт олон талын дэмжлэг туслалцааг үзүүлэх болсныг бид сайн мэднэ.

2025 оны байдлаар Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлсэн нийт буцалтгүй тусламж, техник туслалцаа, жижиг хөтөлбөрүүдийг нэгтгэж тооцох юм бол энэ хэмжээ 370 тэрбум иен (2.56 тэрбумUSD) хүрснийг МОНЦАМЭ мэдээлж байжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

Ц.Гарамжавыг баривчилсан нь Б.Хурц, С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандаад байгаа үйл явдалтай давхцаж буй нь анхаарал татаж байна

УИХ-ын гишүүн асан, “Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих …