ШУӨЗО-нд “Булган Такейшкен боомт”-ын асуудлаар уулзалт хийв

2013 оны 12 сарын 6-наас 9-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймагт хил боомтын асуудлаар уулзалт хийв. Уулзалтанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баруун бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Нарантуяа, Засаг даргын зөвлөх А.Хүдрээ, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Нямаа, Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан, Булган боомтын гаалийн орлогч дарга Н.Лха-Очир, хилийн шалган нэвтрүүлэх албаны дарга Б.Одсүрэн,  хилийн төлөөлөгчийн орлогч нарын хил гаалийн төлөөлөл, мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатханаар ахлуулсан бүрэлдэхүүн багтав. Энэ удаагийн уулзалтын зорилго нь Булган, Такейшкен боомтонд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой байсан бөгөөд уулзалт хэлэлцээр үр дүнтэй боллоо.

Олон улсын статустай, байнгын үйл ажиллагаатай Булган боомтоор зөвхөн энэ онд 143 мянган зорчигч, 12615 мянган тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрчээ.

Мөн худалдаа, ачаа тээвэр, аялал жуулчлалаас гадна Хөшөөтийн уурхайгаас нүүрс экспортлох ажил өнгөрсөн 2012 оны 1 сараас 8 сарын хугацаанд туршилтын журмаар эхэлж, 2854 тээврийн хэрэгсэл 183908,08 тонн нүүрс экспортолсон байна. Ийн хөдөлгөөн ихтэй 2 улсын хил гааль, боомтонд олон хүндрэл учирдаг талаар аймгийн Засаг даргад зорчигч, тээвэрчид удаа дараа хүсэлт тавьж байсан. Тухайлбал БНХАУ-ын талд татвар хураамж өндөр, хаанаас ямар татвар авч байгаа талаар баримт өгдөггүй, өдөрт цайны цагааг урт хугацаанд завсарлаж хүндрэл үүсгэдэг, дарамт шахалт хүнд суртал их зэргийн санал шүүмжлэлийг олон жилийн туршид зөвхөн Ховд төдийгүй баруун бүсийн иргэд тэвчсээр ирсэн. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга өнгөрсөн 8 сард Үрүмч хотод болсон үзэсгэлэн худалдаанд оролцох үеэр Шинжааны Засгийн ордонд албан ёсоор шийдвэрлэх талаар санал тавьсан бөгөөд энэ саналыг хариу болох уулзалт хэлэлцээр ШУӨЗО-ы Алтай аймагт амжилттай боллоо.

БНХАУ-ын талаас ШУӨЗО-ы гадаад харилцааны газрын намын дарга Вуу Шян, хил хамаарах газрын даргын орлогч Жан Жахуу, Алтай аймгийн намын дарга Дэн Жан уу, намын даргын орлогч, аймгийн Засаг дарга Талгат Усүн болон Такейшкен боомтыг хамаарах дарга, байцаагч, хилийн төлөөлөгч нар оролцов.

Булган шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн Такейшкен худалдааны цэгт очиход суудлын автомашинаас бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газар зэргийн 500 гаруй юанийн талбар хураамж авдаг байсан. Ачааны автомашинаас 700-1000 орчим юанийн татвар хураамж авдаг бөгөөд нотлох баримт болох хураамжийн ямар нэгэн тасалбар өгдөггүй байсан. Эл асуудлууд шийдвэрлэгдэж 1 тонн ачаанаас 28700 төгрөгийн татвар авдаг болжээ. Мөн даац хэтрүүлсэн нэрийдлээр 300 юаниар торгодог байсныг больсон байна.

2 талын уулзалтын эхэнд Ховд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан татвар хураамж буурч, эхнээсээ ажил хэрэг болж байгааг онцлоод дахин хил боомттой холбоотой хэд хэдэн саналыг БНХАУ-ын талд тавьсан юм.

Тухайлбал ажлын цагийн нягтралыг сайжруулах, өдөрт 3 цаг биш, нэг цаг цайндаа явдаг болох, МоЭнКо компанийн хүсэлтийн дагуу Булган Такейшкен боомтоор нүүрс тээвэрлэх тусгай гарцын тоог нэмэгдүүлэх, бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж орсон машин тухайн өдөртөө буцаж гарах нөхцлийг хангах, татвар хураамжийн мэдээллийг монгол хэл дээр хөрвүүлж байршуулах, зорчигчид хилээр явган гарч, ачаа тээшээ өөрсдөө зөөдгийг зогсоох зэргийн олон чухал тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Эдгээр саналыг БНХАУ-ын ШУӨЗО-ы тал нааштайгаар хүлээн авч шат дараатай шийдвэрлэхээ албан ёсоор уулзалтын үеэр Вуу Шан дарга мэдэгдлээ. Татвар хураамжийн хувьд БНХАУ-д мөрдөгддөг хууль тогтоомжид заасан төлбөрөөс бусад торгууль, төлбөрийг авахгүй байхаас гадна энэ мэдээллийг нийтэд ил тод байршуулахаар болсон юм. Мөн өдөрт 3 цаг завсарладаг байсныг 2014 оны 5 сарын 1-нээс эхлэж больж өдөрт 1 цагийн завсарлага авч байхаар тохиролцоонд хүрэв. Цаашдаа 2 улсын хил гааль, боомтонд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг тухай бүрт шийдвэрлэж байх үүднээс уулзалтын байртай болох саналыг БНХАУ-ын ШУӨЗО-ы гадаад харилцааны намын дарга Вуу Шан санал болгосон юм.

Ийнхүү байнгын үйл ажиллагаатай Булган Такейшкен боомтуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө. Цаашдаа Азийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсноор Орос, Хятад 2 хөршийг холбох гол зангилаа Ховд аймаг болох учраас 2 боомтыг хамгийн хурдан шуурхай үйл ажиллагаатай, найрсаг харилцаатай жишиг болохуйц боомт болгон хөгжүүлэхэд аль аль талдаа анхаарч ажиллахаар болсон юм. Энэ нь баруун бүсийн нийт иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон эхний алхам болж чадлаа. Мөн Баян-Өлгий, Ховд аймаг нь ШУӨЗО болон Алтай аймагтай боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах талаар гэрээ санамж бичиг байгуулж, өмнөх гэрээ, хэлэлцээрийн үр дүнг тооцож ажиллахаар шийдэлд хүрснээрээ энэ удаагийн уулзалт нөхөрсөг, үр дүнтэй  боллоо.

Г.Одонтуяа \ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан\

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …