Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.24/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хуралд дахь АН–ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс тус намын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдсэн. Иймд хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, Засгийн газрын гишүүдэд хандан төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр амалсан салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хууль тогтоолын төслүүдийг яаравчлан өргөн мэдүүлэхийг анхааруулав. Тодруулбал, уул уурхайн бодлогыг тодорхой болгох, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг хийх, гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулж ирэн, дэд бүтцийн салбарыг дэмжихэд чиглүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна сургалтын агуулгыг шинэчлэн сайжруулахад шаардлагатай хууль тогтоолын төслүүдээ өргөн мэдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Гишүүд үг хэлж дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүллээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төсвийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тавьсан асуулт, хэлсэн саналаас дараагийн төсвийн төслийг хэлэлцэхэд хууль тогтоолтой холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгаа нь харагдсан гэв. Иймд Улсын Их Хурлын даргын хувьд улс төрийн намуудтайгаа ярилцаад энэ асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл