Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник  төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгасан. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмээд явна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ өвөл цас орохоор явган зам дээр хүрз барилгүйгээр тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй.  Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниуд хүн хүчээ ч, тоног төхөөрөмжөө ч нэмж, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлынх нь дагуу ашиглаж, тоноглож, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай байна. Гудамжинд шороо манаргаж зогсож болохгүй.

  Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр нийлүүлж байгаа. Хүйтрэхээс өмнө шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна. Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж, илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана” гэв.

 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн ногоон байгууламжуудыг жигдлэх, нөхөн тариалалт хийх,  тооцоолол хийх,
  • Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж байгаа компаниуд хортон шавж устгалаа хийх, өвлийн арчлалтаа хийх,
  • Хог хаягдлаа гадна талбайдаа хаяж байгаа ААН, байгууллагуудад арга хэмжээ авах, гудамжийг хоггүй байлгах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …