Самурай гэхээр эзэндээ үнэнчээ нотолж харакери үйлдэж буй япон хүн бөгөөд тэднийг алуурчин, ганц цавчилтаар л хүний үхэх сэхэхийг шийддэг хүн мэтээр төсөөлж ирсэн. Гэтэл самуурай нь японы хамгийн дээд давхаргын хүмүүс байсан гэдэг. Тухайлбал, Японд нийгмийн давхаргыг “Самуурай буюу элитүүд”, “Газар тариалан эрхлэгчид”, “Үйлдвэрлэл эрхлэгчид”, “Бизнес эрхлэгчид буюу наймаачид” гэж дөрөв ангилдаг байсныг түүх өгүүлсэн байдаг.
“Өдгөө тэр “Самуурай буюу элитүүд”-ээс үүдэлтэй “Кэндо” хэмээх зодооны урлагт дэлхий нийтээр хошуураад байгаа билээ. Энэ спортын талаар гардан тулаан бие хамгаалах урлагийн “Чоно” клубын ерөнхийлөгч, айкидогийн хар бүстэй, олон улсын кэндогийн гурван дантай Д.Ганзориг багштай
ярилцсан юм.
-Хүүхэд залуус олноор хичээллэх болсон энэ спорт манай улсад хэдийд орж ирсэн бэ. Миний мэдэхээр цагдаагийнхан эхлээд хичээллэж байсан гэдэг?
-Үнэн, үнэн. Эхлээд цагдаагийн тусгай хүчний хичээлийн шугамаар 1989 оноос орж ирсэн. 1994 оноос олонд түгээн дэлгэрүүлэх зорилгоор цагдаагийн тусгай бэлтгэлээс нь гаргаж нийтийн хүртээл болгож эхэлсэн.
-Одоо манай улсад Кэндогийн хэчнээн сургууль, клуб байдаг вэ?
-Кэндогийн хамрах хүрээ жил ирэх тусам өргөжиж байгаа. Дархан, Эрдэнэт хотуудад клубын тоо нэмэгдсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ихэнхийг нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх газарт байсан, кэндогийн анхны сурагчид клуб байгуулсан байдаг.
-Спорт болгон өөр өөрийн онцлогтой. Харин кэндогийн бусад спортоос давуу, онцлог тал нь юу юм бол?-Бусад спорттой ижил төстэй зүйл их бий. Гэхдээ кэндо нь философийн хувьд хүүхдийн хүмүүжлийг зөв тавьж өгөх, залуусын төлөвшилтөд эерэгээр, маш сайн нөлөөлдгөөрөө онцлогтой. Кэндогоор хичээллэсэн хэн боловч маш их хатуужилтай болдог, бас өсөлтөд хүртэл нөлөөлдөг гэж үздэг.
-Саяхан улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнийг яагаад зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулах болсон бэ?
-Кэндочид 10 дахь тэмцээнээ зохион байгуулж байгаа нь бага амжилт биш. Харин яагаад сурагчдын дунд зохион байгуулсан гэхээр цэрэг цагдаа, армийнхан энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэсэн. Нөгөөтэйгүүр хүүхдүүдэд нэлээд боломж олгосон гэсэн үг.
-Охидууд хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Саяхнаас буюу 2005 оноос. Энэ төрөлд эмэгтэйчүүд илүү амжилт гаргадаг юм.
-Яагаад эмэгтэйчүүд илүү амжилт гаргадаг юм бол?
-Би түрүүн философийн тухай хэлсэн дээ. Эмэгтэй хүний далд байдаг дайчин чанарыг ил гаргаж өгдөг учраас илүү их үр бүтээл гаргадаг гэж ойлгож болно.
-Зодооны урлагийнхан янз бүрийн дайралтаас биеэ чадварлаг хамгаалдаг. Тухайлбал, күнфү, каратэ, таэквондочид цохилт бүрийг хамгаалж, няцаадаг. Кэндочид ч гэсэн тийм хамгаалалт хийдэг үү?
-Бие хамгаалах урлаг гэдгийн гол утга нь л биеэ хамгаалах шүү дээ. Кэндочдын хувьд янз бүрийн дайралтаас биеэ хамгаалахын тулд маш хурдан гүйдэг, сайн зугтдаг байх ёстой.
-Зугтаана гэдэг чинь жаахан хулчгар зан гэж ойлгодог шүү дээ?
-Энэ бол биеэ хамгаалах хамгийн шилдэг арга. Амьдрал дээр кэндочид тэр бүр зодолдоод байдаггүй. Гэхдээ жирийн хүнээс өөр, маш сайн чадвар суусан байдаг.
-Кэндогийн анхны холбоо хэзээ байгуулагдсан, одоо ямар ямар холбоод байдаг вэ?
-1989 онд цагдаагийн тусгай албаны бэлтгэл хийдэг, тусгай арга барил заах хичээл гэдэг байхаас “Улаанбаатар кэндо” клубын ерөнхийлөгч Батдорж, Кэндогийн холбооны удирдах зөвлөлийн Батжаргал нар анх үүсгэн байгуулж байсан.
-Түрүүн та 10 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байна гэдэг кэндочдын хувьд бага хугацаа биш гэсэн. Энэ хугацаанд гадагшаа тэмцээнд оролцож байв уу?
-Энэ удаагийн УАШТ-нд байр эзэлсэн хүүхдүүд анх удаа Азийн аваргын тэмцээнд явах эрхээ авч байгаа юм.
-Кэндогоор хичээллэж байгаа хүмүүсийг насны хувьд авч үзвэл?
-Хичээллэгсдийн хамгийн бага нь зургаа, ахмад нь 40 настай.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Хүүхэд залуусын дурлаж буй энэ спортын талаар сурвалжилж буй танай сонинд талархаж байна.
Та бүхний ажилд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.