Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрахыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагналаа.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй түүний үйл хэргийг үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагналыг ийнхүү олголоо.

Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт хөл тавиад 19 жил, үүнээс 13 жилийн хугацаанд нь тасралтгүй эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажиллаж буй.
Иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилго бүхий “Эрүүл Оюунлаг Монгол”, “Эмч зөвлөж байна”, “Телемедецин”, “Вакцин” ток шоу гэхчлэн олон телевизийн цуврал контент, нэвтрүүлгүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллахын зэрэгцээ хүмүүнлэгийн салбарт сайн дурын ажлуудыг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.
Тухайлбал 1000 хүүхдийн дархлааг дотоодын үйлдвэрийн эрүүл, эко бэлэгээр дэмжихээр “Эрүүл бэлэг – Эрүүл хүүхэд” аян, иргэдийн эрүүл мэндийн анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх “Эрүүл амьдрах 5 алхам” лекцийг давхардсан тоогоор 1500 гаруй хүнд хүргэсэн, хавдартай иргэдийн сэтгэл зүйг дэмжих зорилгоор ХСҮТ-д “Ногоон гэр” сэтгэл зүйн төв (өргөтгөлийн 200 мкв)-г барьж, бүрэн тохижуулж, хүлээлгэн өгсөн зэрэг олон ажлуудыг дурдаж болно.
Монгол Улсад нийтийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд мэргэшсэн сэтгүүлчдийн оролцоо, нөлөөг эрчимжүүлэх зорилгоор 2021 онд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулж, эрүүл мэндийн сэтгүүлчдийн эгнээг өргөжүүлэх үйлсийг эхлүүлэн өнөөдрийн байдлаар 50 орчим үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, 1000 гаруй сэтгүүлчийг давхардсан тоогоор сургалтад хамруулжээ.
“Ковид-19” цар тахлын үед ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж коронавирусийн талаарх мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэх, өндөр хариуцлагатай ажлыг гүйцэтгэх “Эрсдэлийн мэдээлэл харилцааны баг”-ийг ахлан ХӨСҮТ-д бэлэн байдалд ажиллаж байв.
Эрүүл мэндийн сэтгүүл зүйг Монгол Улсад хөгжүүлэх санал, санаачилгын үр дүнд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 7 их, дээд сургууль, коллежид “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” бакалаврын 3 кредит хөтөлбөрийг анхлан боловсруулж, 2024 оны хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлсэн зэрэг түүний санаачилж, удирдсан төслүүд олон бий.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл