Л.Мөнхтүшиг: Цөлжилттэй тэмцэх 17-р их хурлын бэлтгэл ажлыг НҮБ-ийн дэмжлэг, оролцоотойгоор хангаж байна

Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдвээр төрийн байгууллага, хөгжлийн түнш, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, залуучуудын, эрдэм шинжилгээний, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийн энх тайван, хөгжил, хүний эрхийг бэхжүүлэх үйлсэд НҮБ-ын ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ Монгол Улсын тууштай оролцоо, хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр нэгдсэн цагаасаа олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хувь нэмрийг оруулж ирсэн түүхтэй гэдгийг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг онцоллоо.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг:Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчдаа илгээж, дэлхийн халуун цэгүүдэд энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байна.

Бид цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн улс. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн НҮБ-ын санал, санаачилгуудыг тууштай дэмжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Ирэх жил Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх 17-р их хурлыг зохион байгуулна. Үүний бэлтгэл ажлыг НҮБ-ын дэмжлэг, оролцоотойгоор хангаж байна.

 

Хэлэлцүүлгээр 80 жилийн түүхтэй НҮБ-ийн ололт амжилтыг ярилцахын зэрэгцээ, Монгол Улсын НҮБ-д оруулсан хувь нэмэр, цаашдын боломж, чиг хандлага, стратегийн талаар санал бодлоо хуваалцсан. Хэлэлцүүлгийн эхэнд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх В.Оюу “НҮБ-ын зорилго, зарчмыг урагшлуулах чиглэлээрх Монгол Улсын гаргасан санал санаачилга, оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улс НҮБ-д элссэн цагаасаа хойш нийт 80 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлуулсан байна. Олон улсын аюулгүй байдал, энх тайвны төлөө цөмийн зэвсэггүй статустай болох тогтоол, боловсрол, ардчиллын боловсрол, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон тогтоолыг санаачилж, Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд хэрэгжих боломжийг бүрдүүлж, бодит үр дүнд хүрсэн байна.

Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бол энхийг сахиулах ажиллагаа.

НҮБ-ын энхийн сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчин 23 жил, 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа оролцуулаад байна. Тэр тусмаа эмэгтэй албан хаагчдын оролцоо 13 хувь байсныг 15 хувьд хүргэх зорилт дэвшүүлэхийн зэрэгцээ энхийг сахиулах сургагч багш бэлтгэх, явуулын сургалтын баг ажиллуулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан хээрийн сургуулилт зохион байгуулах зэрэг олон талт хэлбэрээр оролцдог болжээ.

ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржав:Монгол Улсын зэвсэгт хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицер, цэргийн баг, штабын офицер гэсэн гурван чиглэлээр бие бүрэлдэхүүнээ оролцуулж, үүрэг гүйцэтгэж байна. Анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад анхны хоёр офицероо оролцуулж эхэлснээс хойш 23 жилийн хугацаанд 23 мянга гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Манай бие бүрэлдэхүүн энхийг сахиулах төв штабт бодлого тодорхойлох түвшинд хэлтсийн дарга, ажиллагааны түвшинд цэргийн хүчний командлагч, төрөл бүрийн энхийг дэмжих ажиллагаанд хэлтсийн дарга ахлах мэргэжилтэн зэргээр бүх түвшинд ажиллаж байна. Зөвхөн цэргийн багаар үүрэг гүйцэтгэхээс гадна төлөвлөлт, хяналт тавих түвшинд хүрээд байна гэсэн үг.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн:НҮБ-аас Монгол улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьсан. Өнөөдөр 25 хувьд хүрээд байгаа нь Ази номхон далайн бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болсон зэрэг бидний хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн олон жишээг дурдаж болно. Хамгийн гол нь НҮБ-ын гол зарчим, үнэт зүйлсийг дэмжиж үнэтэй хувь нэмэр оруулж буй учраас цаашид байнга дэмжиж, хамтран ажилласаар байх болно.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, НҮБ-ын гишүүнчлэлээс хүртэж буй бодит өгөөж, НҮБ Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын стратегийн оролцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Цаашид илүү гүн гүнзгий, үр дүнтэй, иргэний нийгэм, хувийн  хэвшил, залуус зэрэг олон талт оролцоог  хангасан зарчмаар Монгол Улсын хөгжлийн бодлогын дагуу хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, дижитал шилжилт, техник технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах сорилт бий. Иймээс НҮБ-ын өдрийг угтан Монгол Улсын оролцоо цаашдын хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй хэлэлцэхээр цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Алтан цом”-ын барилдаан Бямба гарагт эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг …