Эдийн засаг ЖДҮХС-ийн хугацаа хэтэрсэн 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх албан шаардлага өгчээ

Аудитын байгууллага ЖДҮХС-ийн хугацаа хэтэрсэн 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх албан шаардлагыг өгсөн бөгөөд сангаас арилжааны банкаар дамжуулан зээл олгоогүй нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байна.

Аудитын байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан (ЖДҮХС), Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн тайлан гаргасан байна. Тус тайланд ЖДҮХС-ийн 4.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлүүлэх албан шаардлагыг Жижиг дунд үйлдвэрийн газарт өгсөн тухай дурджээ. Энэхүү зээл нь 214 иргэн, аж ахуйн нэгжийн үлдэгдэл юм.

Мөн аудитын дүгнэлтээр ЖДҮХС нь холбогдох журмын дагуу арилжааны банкаар дамжуулан жижиг болон дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоогүй болохыг тэмдэглэжээ. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журамд сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан зээл олгох зохицуулалт бий. Гэвч 2023-2024 онд ЖДҮХС нийт 545 аж ахуйн нэгжид 74,042.9 сая төгрөгийн зээлийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангиллаар олгосон ч арилжааны банкаар дамжуулсан зээл олгоогүй байна. Үүний улмаас сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрэн бүрдэхгүй, зээлийн эргэн төлөлт удаашрах нөхцөл үүсжээ.

Тайланд ЖДҮХС-ийн нийт зээлийн үлдэгдлийн 57.7 хувь нь хугацаа хэтэрсэн гэж тэмдэглэгдсэн байна. 2009-2024 оны хооронд нийт 370,110.2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1747 зээлдэгчид олгосон бөгөөд 2024 оны эцсийн байдлаар 78,641.3 сая төгрөгийн 739 зээл хэвийн, 3,270.1 сая төгрөгийн 36 зээл хэвийн бус, 2,722.5 сая төгрөгийн 40 зээл эргэлзээтэй, 4,574.7 сая төгрөгийн 55 зээл хугацаа хэтэрсэн, 96,820.1 сая төгрөгийн 369 зээл муу ангилалд бүртгэгдсэн байна.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр …