Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан урьдчилсан төлөвөөр маргаашаас сэрүүсэхийг анхааруулж байна. Өнөөдөр зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар бороо орно.
Мөн говь талын нутгаар зарим газар салхи түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Хэнтийн нуруунаас эхтэй Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны төвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ, Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж төвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн төвшинг 5-10 см давжээ.
Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо таван см нэмэгдэж, үерийн түвшинг давах тул голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.