Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг тойрон өнгөрч, хязгааргүй орчлонгийн хаа нэг тийш салах ёс ч хийлгүй явж одлоо. Дэлхийн хойд өргөрөгийн хамгийн урт шөнө тохиодог энэ өдөр чамгүй баялаг намтраа ийн зузаалж байх шиг.
Одоогоос 13 жилийн өмнө энэ өдөр дэлхий ертөнц сүйрч хүн төрөлхтөн шинэ ертөнцтэй нүүр тулах байлаа. Энэ өдөр монголчуудын маань зарим хэсэг лаа шүдэнзээ бэлдэн эсгий гэр барин хөдөө тийш хөл тавьж байлаа. Одоо эргээд харахад хошин шогийн үзүүлбэр шиг санагдах тэр үйл явдал зарим хүний монголчуудаа доромжлох том сэдэв болоо юу даа. Гараг эрхэс дэлхийг мөргөх гэж байна гэдэг айдас хүн төрөлхтний генд суучихсан байдаг зүйл гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэр үед хүмүүс хоргодох газар хайн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнаж байсан. Хүн гэдэг сүргийн амьтан учраас олонхийн итгэсэн зүйлд сохроор итгэх явдал элбэг. Нөгөөтэйгүүр нийгмийн олонх хэзээ ч баримт нотолгоонд итгэдэггүй. Үүнийг Гюстав Ле Бон гэх нөхөр аль 1895 онд хэвлүүлсэн “Ард түмний оюун ухааны судалгаа” бүтээлдээ “Нийгмийн олонх баримтад бус зураг, домог, ойлгоход амархан энгийн тайлбарт л итгэдэг” гэж санаашран өгүүлсэн гэдэг.
Дэлхий сүйрэх тухай мэдээллээр дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэлсэн үе 2005 он. National Geographic суваг нэр хүндтэй эрдэмтдийг оролцуулан тив шилжих хөдөлгөөн, туйл солигдох үзэгдэл зэргийг оруулж баримтат кино хийснээс үүдэлтэй. Нийгмийн оюун санаа тавгүйтэн аврал хайж 2012.12.21-ээс хэрхэн зугтаж болох талаар бодож эхлэв. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг хоёр сарын дотор 5000 асуулттай гарын авлага гарган, дэлхий сөнөхгүй гэдгийг олон нийтэд тайлбарлах гэж оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. NASA руу залган үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардсан иргэдийн тоо 50 хувиар өсчээ. Мөхлийн өдрийн тухай асуултад хариулахын тулд тэд мэдээллийн албанд ажиллах хүмүүсийн орон тоог 20 гаруй хувиар нэмжээ. Үүгээр зогсохгүй дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн энэ талын мэдээ, мэдээлэл бэлтгэхэд зориулж тусгай орон тоо гарган сэтгүүлч, сурвалжлагчийнхаа тоог нэмж байлаа. Яг л Тэйлор Свифтэд зориулсан тусгай сурвалжлагч байсан гэдэг шиг л юм болж. Дэлхий сөнөхгүй ээ гэдэг гарын авлага гаргаад ч нийгмийн олонхийг сэнхрүүлж дийлээгүй NASA агентлаг дэлхийн 21 орныг хамарсан судалгаа явуулав. Үүнд монголчууд оролцсон бол ямар дүн гарах байсныг хэлж мэдэхгүй юм. Гарсан дүн нь XXI зууны эрдэмтэдийг гайхшруулж орхих нь тэр. Судалгаанд оролцсон АНУ-ын иргэдийн 12 хувь, Орос, Турк, Япон, Солонгос улсын иргэдийн 13 хувь нь дэлхий сөнөнө гэдэгт итгэлтэй байгаа нь дүн гарчээ. Энэ судалгаанд хамгийн өндөр үзүүлэлтэй гарсан улс нь Хятад байв.
Өнгөрснөө дандаа сайн сайхнаар дурсан санадаг хэрнээ ирээдүйгээ үргэлж итгэл найдваргүйгээр ширтэж байдаг нь бидний сул тал. Технологи асар хурдтай, өндөр түвшинд хөгжсөөр атал айдас яг хэвээрээ байв. Эндээс нэг асуулт ургана. Яагаад бид ирээдүйг дандаа сүйрлээр төсөөлдөг вэ? Хариулт нь их энгийн. Хүн гэдэг амьтан мэдэхгүйгээсээ үргэлж айдаг. Харанхуйн дунд, мэдэхгүй газар цор ганцаар явахдаа үргэлж түгшүүр төрж байдаг шиг ирээдүйг бид урьдчилан харж чаддаггүй. Харин сүйрлийг төсөөлөх нь бидэнд илүү хялбар байдаг. Сүйрэл бол мэдэхгүйгээ тайлбарлах хамгийн хялбар өгүүлэмж. Гэхдээ ирээдүйгээс айх айдас бол сүйрэл биш. Айдас хүн төрөлхтөнд хамтын итгэл үнэмшлийг бий болгодог хүч. Хүмүүс нэг зүйлээс хамтдаа айх үедээ л нэгддэг. Дэлхий дээр үүссэн соёлуудын нэг ч айдсаас эхтэй гэдэг. Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, уур амьсгалын сүйрэл, био технологиос айж байна. Маргааш өөр айдас гарч ирэх л болно. Харин түүх өөрчлөгдөхгүй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл