Гаалийн байгууллага өнөөдөр 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд Гаалийн ерөнхий газрын удирдлагууд, албан хаагчид болон эх орныхоо өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэн ажиллаж буй гаальчид цахимаар оролцлоо.

2025 онд гаалийн байгууллагын ил тод байдал, шударга байдлын үнэлгээнд хийсэн хөндлөнгийн байгууллагын судалгааны үнэлгээнд өсөлт гарсныг ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван онцоллоо. Тухайлбал, Ил тод байдлын үнэлгээ – 98%, Шударга байдлын индекс –73.9%, Хэрэглэгчийн үйлчилгээний үнэлгээ –75 пункт болж өсжээ. Энэ нь гаалийн цахим шилжилтийн үр дүн бөгөөд энэ онд гаалийн лаборатори, гэрээ бүртгэл, экспорт, хорио цээрийн хяналт, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжсэн байна. Мөн ДГБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийн түвшин 98.3 хувьд хүрж, 6 аж ахуйн нэгжид итгэмжлэл олгож, БНХАУ-тай хийсэн итгэмжлэлийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлсэн зэрэг үр дүнтэй ажлуудыг онцлон хэлэлцлээ.
Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 21 удаагийн үйлдэлд холбогдох 9 төрлийн нийт 2732.11 грамм, 489.5 мл бодисыг хураан авч харьяаллын дагуу тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь өмнөх оноос 50%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн тайлангийн хуралд Сангийн дэд сайд Б.Хулан оролцож амжилт гарган ажилласан алба хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Гаалийн байгууллага бол улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааны хэвийн урсгалыг хангах стратегийн чухал байгууллага юм.

Эдийн засаг тогтворгүй, дайн байлдааны нөхцөлтэй, цар тахлын дараах хүнд цаг үеийг туулж буй сүүлийн жилүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн бусад улс оронд ч ард иргэдийн төрд итгэх итгэл хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ийм онцгой цаг үед төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилж, шууд харилцаж ажиллаж байгаа та бүхэн бол ард иргэдийнхээ төрд итгэх итгэлийг авч явах хариуцлагатай ачааг үүрч яваа гэдгийг энд онцлон тэмдэглэе” гэв. Мөн цаашид Сангийн яамны зүгээс гаалийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцооны шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үнэт зүйлийг бүтээж байдаг албан хаагчдын ёс зүй, шударга байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, хурдтай өөрчлөгдөж буй хууль бус худалдааны нөхцөл байдлыг гүйцэж ажиллахад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг зорилтод дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Хурлын төгсгөлд Сангийн дэд сайд Б.Хулан, ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар 2025 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдыг салбарын тэргүүн, жуух бичгээр шагнасныг гардуулан өгч нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл