“Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар “Орон нутгийн хөгжлийн бодлого, судлалын төв” НҮТББ-ын гүйцэтгэж буй “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.01.08) зохион байгууллаа.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэлэлцүүлгийг нээж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, эрэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрх, үүрэг, нийгмийн оролцоог цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, уг судалгаа нь холбогдох бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг дурдав.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр судалгааны багийн ахлагч, судлаач А.Амарбал “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” судалгааны урьдчилсан тайланг танилцуулж, судалгааны зорилго, арга зүй, хамрах хүрээ, мөн эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүл дэх оролцоо, нийгмийн хандлагатай холбоотой гол үр дүн, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, Жендэрийн үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Цагдаа, Прокурор зэрэг төрийн болон төрийн бус 32 байгууллагын 40 гаруй албан тушаалтан, судлаач, иргэд оролцож, судалгааны урьдчилсан үр дүн, тулгамдсан асуудлын талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Уг судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгах юм.

Эх сурвалж: https://nhrcm.gov.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллахаа …