Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл