Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ

Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэгийн дундаршгүй сан хөмрөгийг судлан хөгжүүлэх, ололт амжилтыг нь олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байна.

Энэ талаар зарлигийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга буюу Ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Тэрбээр, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарахтай  холбогдуулан холбогдох баримт бичиг, судалгааг судлах ажлыг хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй 2025 оны тавдугаар сард байгуулсан. Бүрэлдэхүүнд ЭМЯ, ХЗДХЯ,  БШУЯ, ЭЗХЯ болон ШУА, Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар ахаллаа. Бэлтгэл ажлын хүрээнд салбарын судлаач, эрдэмтэн, эмч нар болон бусад оролцогч талын саналыг тусгасан. Улмаар 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар асуудлаа оруулж, гишүүдийн саналыг тусгаснаар  зарлигийн бичиг баримтаа эцэслэлээ.

Монголчуудын өнөөдрийг хүртэл баяжуулж ирсэн ардын мэдлэг ухаан дээр суурилсан уламжлалт анагаах ухаан нь байгаль, цаг уур, итгэл үнэмшил, амьдралын дадал, ёс заншил дээр суурилсан байдаг. Үүнийг хойч үедээ өвлөн үлдээж, зан үйлээ хэвшүүлэхэд зарлигийн гол зорилго оршиж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуульд “Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг мөн уламжлалт анагаах ухаанаар үзүүлнэ” гэж заасны дагуу ДЭМБ-ын бодлогын бичиг баримтад нэгдмэл анагаах ухааныг хүн ардад түгээн дэлгэрүүлэхийг зааж байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарснаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүх салбар байгууллагууд үүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өв соёлыг хадгалан хамгаалах чиг үүрэгтэй болно.

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх, цаашлаад эрдэмтдийн инновац шингээсэн эрүүл мэндийн нэмэлт болон эмийн бүтээгдэхүүн экспортод гарах боломжийг нээнэ.

Түүнчлэн уг зарлиг гарснаар шинжлэх ухааны ололт амжилтууд, хиймэл оюун ухаан, төрөлх өвөрмөц чанар дээр суурилсан эрүүл мэндийн зөвөлгөө, өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга барил, онол арга зүйг үүсгэх боломжтой болно. Судалсан бүх мэдээллийг бид эх өгөгдөл болгон ашиглаж, монголчуудын насны онцлог, өвчнийг даван туулж, өөрийгөө хамгаалж чадаж буй идээ ундаа, явдал мөр, дэглэмийг нийгмийн эрүүл мэндийн суурин дээр анхан шатанд нэвтрүүлэх боломж гарч ирнэ” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …