МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн доктор, дэд профессор Д.Хатанбаатар, доктор С.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэлхагарав нар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Шинэбаяр нартай уулзлаа.

Уулзалтын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан, судлаачдыг дадлагажуулах асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Түүнчлэн Дундговь аймгийн музейн шинэ барилгын зураг төсөл, үзэл баримтлалыг боловсруулахад хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах талаар санал нэгдлээ.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт археологийн судалгаа, шинжилгээ явуулж, судалгаа, малтлагаас олдсон олдвор, хэрэглэгдэхүүнийг Дундговь аймгийн музейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор аймгийн музейтэй гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл