Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлэхийг дэмжихээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай гуравдугаар сарын 22-нд танилцаж, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал,
-2026 оны төсвийн тухай хуульд батлагдсан “Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын төсөл, арга хэмжээний зураг төсвийг баталгаажуулах ажлыг яаралтай дуусгаж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан барилга угсралтын ажлыг шуурхай зохион байгуулах,
-Дулааны станцын шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх, дулааны үнийн зөрүүг шийдвэрлэх цогц шийдлийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
-Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр эмнэлгийн барилгыг барьж байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх;
-Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг цаашид татварын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн тааламжтай нөхцөл бүхий “Эдийн засгийн тусгай бус” болгон хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт саадгүй, бодитой хэрэгжүүлэх эрхийг олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл