Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан томилуулж, ажилдаа орно.

Түүний танхимд хэн багтах вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байгаа ч хэнийг багтаах нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ анхааралдаа авмаар хэдэн хэдэн сайдууд байгааг онцлон хэлэх байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Н.Учрал таныг УИХ-ын дарга байхад өнгөрсөн өвөл ОХУ-д айлчилсан айлчлалыг зохион байгуулахад дипломат алдаа гаргасан, мөн АНУ-ын виза хүссэн Монгол улсын иргэнд 15.000 ам.долларын барьцаа тавьж авах шийд гаргасан, Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хятад улсын иргэд Монгол Улсад харилцан адил визгүй зорчих асуудлыг сөргүүлэн тавьсан зэрэг олон шалтгааны улмаас түүнийг Засгийн шинэ танхимдаа авахгүй байсан нь дээр биз.

Үүний нэг адил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нь удаа дараа төсвийн хэмнэлтийн хууль зөрчиж асар их хэмжээний зардал гаргасан, төрийн албаны тухай хуулийг зөрчиж, төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл тоож томилгоо хийсэн, СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж чадахгүй нь тодорхой болсон, ИЗНН дотроо учраа олж чадаагүй, намын даргаасаа чөлөөлөгдсөн зэрэг шалтгааны улмаас түүнийг улируулан БОУАӨ-ийн сайдаар томилж хэрхэвч болохгүй нь тодорхой харагдлаа.

Мэдээж дээр нь өнгөрсөн өвөл цахилгаан дулааныг тасалдуулсан Эрчим хүний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын салбарт удаа дараа асуудал үүссэнд хариу арга хамжээ авч чадаагүй удсан, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өмнөх Ерөнхий сайдад гаргачихсан Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүний сайд Б.Чойжилсүрэн нарыг шинэ Засийн газрын танхимдаа татаж авахгүй байсан нь дээр биз. “Дургүйд хүчгүй…” гэгчийн үлгэрээр тэд өөрсдөө сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн хүмүүс.

Түүнчлэн эрхэлсэн ажил нь урагшгүй явж ирсэн Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нар болон өөрөө тээвэр жуучлалтийн хувийн компанитай атлаа Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа, эрх ашгийн томоохон зөрчилтэй Б.Дэлгэрсайхан нарыг шинэ Засгийн танхимд татаж авахгүй байсан нь дээр биз.

Эдгээр “ажил урагшгүй, амжилт харагдахаа байчихсан, салбарын хөгжил нь уначихсан” сайдуудыг Засгийн шинэ танхимдаа авалгүй, тэднээс илүү эрч хүчтэй, мэдлэг чадвартай, маневр сайтай хүмүүсийг сайдаар томилох нь таны тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа урагштай явахад дөхөм болно гэж хэлэх байна.

Ц.Мөнх

Amlalt.mn

Санал болгох мэдээ

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

Хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Аюулгүй монгол …