УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын даргад парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж Сандагийн Бямбацогтыг нэр дэвшүүлэн танилцуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн.
УИХ-ын даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм. Тэрбээр Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажилласан. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлэн бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ САНДАГИЙН БЯМБАЦОГТЫН НАМТАР
Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт
амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
Сандагийн Бямбацогт нь:
2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөнудирдах зөвлөлийн дарга,
2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл